Depository of News

Хакерууд Францын супермаркетуудын хөргөгчийн температурыг өсгөсний улмаас гал гарч, хүнсний бүтээгдэхүүн мууджээ

newsdepo.com · world

Хакерууд Францын олон зуун супермаркетын хөргөгч, хөлдөөгчийн температурыг нэг шөнийн дотор Цельсийн 50 хэм хүртэл нэмэгдүүлсний улмаас гал гарч, хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр муудсан байна. Парисын прокурорын газар урьд өмнө тохиолдож байгаагүй, ийм өргөн хүрээтэй кибер халдлага болсныг Даваа гарагт мэдээлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр ерөнхий сайд Себастьян Лекорню тус улсын Кибер аюулгүй байдлын Үндэсний Агентлагт (ANSSI) уг асуудлыг шалгах үүрэг өгсөн байна. Бусад улс орнуудад ч нөлөөлж болзошгүй тул Франц улс Европын түншүүдтэйгээ хамтран ажиллаж, Францын бусад компаниуд эрсдэлд орсон эсэхийг нягтлан шалгаж байгааг тус эх сурвалж бас мэдээлжээ. "Sekoia Threat Detection and Research" компанийн кибер аюул заналхийллийн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Феликс Эйм хэлэхдээ Испани, Португал, Польш, Герман, Бельги улсууд ч мөн энэхүү халдлагад өртсөн болохыг баталжээ. "Carrefour" сүлжээ дэлгүүрийн 80 салбар халдлагад өртсөн бол Францад 490 орчим салбар ажиллуулдаг "Monoprix" сүлжээ дэлгүүрийн салбаруудын 5 хувь нь нөлөөлөлд өртсөн байна. "Intermarche" сүлжээ дэлгүүрийн эзэмшигч "Les Mousquetaires" компани 150 орчим салбарынх нь хөргөгч төхөөрөмж шөнийн цагаар зургаан цагийн турш 50 хэм хүртэл халсан болохыг мэдээлжээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэхийн тулд нөлөөлөлд өртсөн бүх хүнсний бүтээгдэхүүнийг хаяж, устгасныг мэдэгдсэн байна. "Cooperative U" сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал Доминик Шелчер мөн өөрийн сүлжээ дэлгүүрүүд халдлагад өртсөнийг баталжээ. Тэрбээр сошиал хуудсандаа "Шинэхэн бүтээгдэхүүнийг хадгалах, Францын ард иргэдийг хүнсээр хангах амин чухал тоног төхөөрөмжүүд халдлагын бай болсон нь маш ноцтой бөгөөд урьд өмнө гарч байгаагүй явдал юм" гэж бичжээ. Салбарын хэмжээнд учирсан хохирлын талаарх урьдчилсан тооцоолол хараахан гараагүй байгаа ч "Intermarche" сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал Тьерри Котийяр BFM телевизэд өгсөн ярилцлагадаа энэхүү "урьд өмнө байгаагүй" халдлага нь "улс орон даяар ганцхан өдрийн дотор олон арван сая еврогоор хэмжигдэх хохирол" учруулсан байж болзошгүйг анхааруулжээ. Европын жижиглэн худалдааны холбоо болох "Eurocommerce"-ийн ерөнхий захирал Кристел Делбергэ "Энэхүү үйл явдал нь нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд тогтвортой, найдвартай ажиллагааг хангахын чухлыг онцолж байна" гэж хэлсэн байна. Супермаркетуудын хөргөлтийн хэсгүүд нь ихэвчлэн дэлгүүрийн бүх хөргөгч, хөлдөөгчийг удирддаг хяналтын самбараар ажилладаг бөгөөд эдгээрт интернэтээр дамжуулан хандах боломжтой байдаг нь засвар үйлчилгээний компаниудад хаанаас ч тохиргоо хийх боломжийг олгодог гэнэ. Ерөнхий сайд Лекорнюгийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр Францын мэдээллийн аюулгүй байдлын агентлаг (ANSSI) нь Данийн "Danfoss" компанийн нийлүүлсэн программ хангамжид “цоорхой” илрүүлжээ. Нөлөөлөлд өртсөн төхөөрөмжүүд нь "хуучирсан программ хангамжтай (firmware) байсан" гэж “Danfoss" мэдэгдээд "үйлчлүүлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх хугацаа нь дуусаагүй системүүдээ хамгийн сүүлийн үеийн программ хангамжаар шинэчилж байх, мөн хуучин системүүдээ орчин үеийн шийдлүүд рүү шилжүүлэхийг удаан хугацааны турш зөвлөж ирсэн" гэдгээ нэмж хэлжээ. Наймдугаар сарын 9-ний өдөр кибер аюулгүй байдлын "Claroty" компанийн "Team82" баг "Danfoss AK-SM 800A" хянагч төхөөрөмжид илэрсэн “цоорхойн” талаар судалгааг нийтэлж байсан гэнэ. Эх сурвалж: Reuters

Read full article →