Depository of News

Өмнөд Солонгосын гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн тоо бүртгэлд Монгол улсын иргэд өсөлтөөрөө тэргүүлжээ

newsdepo.com · sport

Өмнөд Солонгост оршин суугаа гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн талаар тоо баримтыг тус улсын үндэсний цагдаагийн байгууллага Даваа гарагт танилцуулжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн тоо долоо гаруй хувиар өсөж, 2021 оны 32,470-аас 2025 онд 34,760 хүрсэн байна. Үүнээс Монгол улсын иргэдийн гэмт хэрэгт холбогдсон тоо хамгийн хурдтай буюу 38 хувиар өсөж, таван жилийн дотор 1,007-оос 1,397-д хүрснийг мэдээлжээ. Харин эсрэгээрээ Тайландын иргэдийн үзүүлэлт 20 хувиар багасаж, 2,482 тохиолдлоос 1,979 болон буурсан байна. Гэмт хэрэг дотроо бусдын эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэрэг сүүлийн таван жилийн дотор 12 орчим хувиар өсөж, 2021 оны 689-өөс 2025 онд 771 болон нэмэгджээ. Ийм төрлийн гэмт хэргийг Хятадын иргэд хамгийн олон буюу 250 удаа үйлдсэн бол дараа нь 62 тохиолдолтой Узбекистаны иргэд, 60 тохиолдолтой АНУ-ын иргэд, 53 тохиолдолтой Вьетнамын иргэд удаалсан байна. Гэхдээ цагдаагийн байгууллага дээрх тоо баримтыг гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоогүй, харин Өмнөд Солонгост оршин суудаг гадаадын иргэдийн тоо өссөнтэй холбоотой гэж тайлбарлажээ. 2021 онд тус улсад 1,956,781 гадаадын иргэн оршин сууж байсан бол өнгөрсөн онд 2,783,247 болон 42.2 хувиар өссөн байна. Гадаадын иргэдийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой тоо баримтыг танилцуулах болсон шалтгаан нь аравдугаар сарын 3-ны орой Гёнги мужийн Пёнтэк хотод болсон явдлаас болжээ. Энэ өдөр модон саваа, бороохойгоор зэвсэглэсэн гадаадын арав гаруй иргэн хоорондоо зодолдож байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн юм. Цагдаа нар хэргийн газраас яс нь хугарч гэмтсэн Орос болон Киргизстаны 20 гаруй насны хоёр иргэнийг баривчилсан байна. Уг зодоонд оролцсон бусад хүмүүс болон хэргийн газарт байсан автомашиныг эрэн сурвалжлах ажил одоо үргэлжилж байгаа юм. Эх сурвалж: Korea Times

Read full article →