"Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно"
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч монгол аж ахуйн нэгжүүд энэ сард 78,000 тонн АИ-92 болон АИ-95 шатахуун авахаар гэрээлэн, татан авч байна. Энэ нь манай улсын нэг сарын хэрэглээнд хангалттай хүрнэ хэмээн шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас өмнө мэдээлж байв. Гэвч Шатахуун Түгээх Станц(ШТС)-ын гадаах дараалал багасахгүй байгаа нь бодит байдал дээр тод байгаа. Иймд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын борлуулж буй бүтээгдэхүүний үлдэгдэл хэмжээ, гадаах дараалал зэргийг бодит цагийн горимоор харуулдаг болохоор ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр мэдээлэв. Тэрбээр "Ашигт Малтмал Газрын Тосны Газар(АМГТГ)-аас хувийн хэвшлийн benzin.mn аппликэйшнтэй хамтран ШТС-ын орлогын тодорхой мэдээллийн хүрээнд бодит цагийн горимоор хаана, хаана шатахуун олгож байгаа тухай харуулдаг болохоор ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийн мэдээллийг харуулдаг болно. Мөн benzin.mn нь Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн камеруудтай холбогдсон байгаа тул дараалал үүссэн эсэхийг харах боломжтой болно. АМГТГ улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг хардаг агуулахын системийг хөгжүүлж байгаа. Энэ нь арванхоёрдугаар сарын дундуур бэлэн болно. Ингэснээр бодлого хэрэгжүүлэгч агентлаг маань аль аж ахуйн нэгжүүд хэр хэмжээний үлдэгдэлтэй байгааг хянах боломжтой болж, хиймэл хомсдол болон дараалал зохиомлоор үүсгэх зэрэг асуудлыг арилгана гэж үзэж байна" гэв. Одоогийн байдлаар АИ-92 шатахууны 14 хоногийн нөөцтэй, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа аж.
