Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотойгоор "Мобиком" групп мэдэгдэл гаргажээ
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарсан. Энэ тухай дуудлага мэдээлэл 8-ны өдрийн 11:55 цагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км/-т хээрийн гал түймэр гарсан гэдэг дуудлага онцгой байдлын байгууллагад анх бүртгэгджээ. Хамгийн сүүлийн мэдээллээр "Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2026.10.12/ 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэжээ. Айл суурьшдаггүй, хүн мал явдаггүй дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг унтраахаар өөр аймгуудын онцгой байдлын албанаас гадна хилийн цэрэг, дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 109 хүн, 18 автомашинаас гадна БНХАУ-ын талаас 58 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр хилээ дагаж ажилласны дүнд цурамд оруулсан байна. Халхголд гарч байгаа хээрийн түймрийн нөхцөл байдлыг хиймэл дагуулаас авсан нь Хамгийн сүүлийн байдлаар Монголын зүүн бүсэд гарч буй хээрийн түймрийг хиймэл дагуулаас авсан зураглал Дархан цаазат газрыг өргөн хүрээтэй хамарсан энэхүү хээрийн түймэр гарахад тус газарт явж байсан "Мобиком" группийн төлөөлөл холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буй. Тус корпорацаас дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд "Халхголын хилийн отрядын бүс заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцоод, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон" хэмээжээ Нөмрөгийн дархан цаазат газар түймрийн улмаас ямар нөхцөл байдалтай байгааг талаар Delger New Channel Suren хаягтай иргэн олон нийтийн сүлжээнд дэлгэн харуулж буй. Түүний зөвшөөрлөөр газар орны байдал болон "Мобиком" группийн албан тушаалтнуудын унаж явсан автомашины зургийг нийтэлж байна. Түймрийн дараах Нөмрөгийн дархан цаазат газрын хэсэг Дархан цаазат газарт явж байгаад шатсан "Мобиком" группийн төлөөллийн унаж явсан машин
