Depository of News

Украин, Орос улсууд эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрснийг Трамп зарлав

newsdepo.com · world

Украин болон Орос улсууд "эрчим хүчний салбарт гал зогсоох" тохиролцоонд хүрснийг Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлажээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохоо зогсоох АНУ-ын нэг талт шаардлагыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эсэргүүцэж байсан юм. Харин өчигдөр Трамп талуудын тохиролцоо нэн даруй хэрэгжиж эхлэхээр болсныг мэдэгдсэн ч энэ талаар илүү дэлгэрүүлээгүй байна. Зеленский "Axios" агентлагт өгсөн ярилцлагадаа Трампын сошиал хуудсандаа бичсэн зүйлээс л уг тохиролцооны талаар анх удаа дуулснаа хэлжээ. Гэхдээ Украины нэг өндөр албан тушаалтан хэрэв Орос улс зөвшөөрвөл Украин ийм тохиролцоог дагахад бэлэн байгааг мэдэгджээ. Ням гарагийн өглөө Зеленский хэрэв Москвагийн зэвсэгт хүчин Украины эрчим хүчний дэд бүтцүүд рүү халдахаа зогсоовол Украин мөн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн цохилтоо зогсооход бэлэн байгааг илэрхийлж байв. Бямба гарагт Трамп хэлэхдээ Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн цохилтууд нь АНУ-д дизель түлшний үнэ өсөхөд нөлөөлсөн гэж буруутгаад Зеленскийд "энэ үйлдлээ яаралтай зогсоох хэрэгтэй" гэж анхааруулж байв. Тэрбээр мөн Москватай тохиролцоонд хүрэх хэд хэдэн боломжийг Зеленский алдсан тул Украины ард түмэн түүнийг өөр удирдагчаар солих ёстойг нэмж хэлсэн юм. Хоёрдугаар сард Ираны дайн эхэлснээс хойш дэлхийн зах зээлд дизель түлшний үнэ огцом өссөн нь ирэх сард болох завсрын сонгуулийн өмнө Трампын Бүгд Найрамдах Намын хувьд улс төрийн хүндрэл учруулах томоохон асуудал болоод байна. Уг сонгуулиар Ардчилсан Нам буюу сөрөг хүчин Конгрессын хоёр танхимын аль нэг, эсвэл хоёр танхимын хяналтыг гартаа авах магадлалтай байгаа юм. Ням гарагт Зеленский өөрийн засаг захиргааны урт хугацааны байр суурийг дахин нотолж, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн цохилтыг зөвхөн мөргөлдөөнийг намжаах харилцан тохиролцооны хүрээнд л зогсоох боломжтойг онцолсон. Ийм тохиролцоо нь Москвагаас бас Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд халдахаа зогсоохыг шаардах юм. "Европ дахь дайны жинхэнэ шалтгаан бол Орос, зөвхөн Орос улс юм. Эрчим хүчний дэд бүтцийн цохилтоо өнөөдөр ч зогсоох боломжтой. Гэвч Путин үүнийг хүсэхгүй байна” гэж Зеленский хэлэхдээ Трампын мэдэгдлийг шууд дурдаагүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Трампын дизель түлш худалдаж авахаар Москватай байгуулсан хэлэлцээр нь шатахууны үнийг тогтвортой бууруулахад хүргэх магадлал бага гэнэ. Учир нь нийлүүлэлтийн хэмжээ нь Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд халдлагад өртөөгүй үед гаргадаг байсан ердийн экспортын хэмжээнээс хамаагүй бага хэвээр байгаа аж. Дизель түлшний энэхүү хэлэлцээрийг АНУ-ын хууль тогтоогчид, тэр дундаа Трампын нам нэгт Бүгд Найрамдах Намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дон Бэйкон шүүмжилсэн бөгөөд тэрээр хориг арга хэмжээг цуцлах бус, харин ч нэмж чангатгах цаг болсныг онцолжээ. Киевийн гудамжинд тааралдсан зарим иргэдээс Трампын "Украин улс Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн шинэ удирдагч олох хэрэгтэй" гэсэн саналын талаар асуухад эсэргүүцэж, бухимдлаа илэрхийлсэн байна. "Бидэнд юу хийхийг заах эрх хэнд ч байхгүй, ялангуяа дайны үед сонгууль явуулах боломжгүй байхад шүү дээ" гэж бага сургуулийн багш, 40 настай Сабина хэлжээ. Тэрбээр аюулгүй байдлын үүднээс дайны байдлын үед сонгууль явуулахыг хориглосон Украины хууль тогтоомжийг яриандаа дурдсан байна. Тэрбээр Трампын хэлсэн үгийг тайлбарлахдаа "Миний бодлоор энэ бол манай түншүүдийн зүгээс гаргаж буй урвалт юм" гэж хэлжээ. Трампыг сонгогчдоос санал авах арга чарга хайж байх зуур Европын холбоотнууд Украинтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Ням гарагт Зеленский агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт зэвсэг техник, тэр дундаа Оросын тийрэлтэт хөдөлгүүрт дронуудыг устгахад ашиглагддаг байлдааны онгоцны сум хэрэгслийн асуудлаар Европын удирдагчидтай хэлэлцжээ. Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига өнөөдөр буюу Даваа гарагт Европын Холбооны гадаад хэргийн зөвлөлийн хуралд оролцохоор төлөвлөсөн байна. Тус хурлаар Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах болон Украиныг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг урагшлуулах асуудлыг хэлэлцэх ажээ. Эх сурвалж: Reuters

Read full article →