Нобелийн энх тайвны шагналыг авч чадаагүйдээ уурссан Трамп тус шагналын хороо болон Норвеги улсыг ширүүн шүүмжилжээ
Баасан гарагт 2026 оны Нобелийн энх тайвны шагналын эзнийг Норвеги улс зарласан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг шагналыг аваагүйдээ сэтгэл дундуур байгаагаа өчигдөр дахин илэрхийлж, уг шийдвэрийг “ичгүүртэй, гутамшигтай, Норвеги улсын нэр хүндэд сэв суулгасан үйлдэл” гэж нэрлэжээ "Ерөнхийлөгчийн хувиар АНУ-ыг төлөөлж буй миний бие Нобелийн энх тайвны шагналыг авах ёстой байсан ч авч чадаагүй" гэж тэр Нью-Йорк мужийн Сиракюз хотод болсон цуглааны үеэр хэлжээ. Трамп энэхүү үл тоомсорлосон явдлыг "Норвеги болон бусад улс орнууд манай улсыг хэрхэн хохироож, ашиг хонжоо хайж буйн бас нэгэн жишээ" гэж нэмж хэлсэн байна. Нобелийн хороо энэ жилийн шагналыг Өмнөд Африкийн шүүгч бөгөөд хүний эрхийн хуульч Нави Пиллэйд олгосноос хойш хэдхэн цагийн дараа Трамп ийнхүү Норвеги улсыг шүүмжилжээ. Пиллэй нь Гааг дахь Олон улсын Эрүүгийн Шүүхийн тусгай шүүгчээр ажилладаг бөгөөд өнгөрсөн онд Газын зурваст Израилийн явуулж буй дайныг мөрдөн шалгасан НҮБ-ын комиссыг тэргүүлж байв. Тус комисс ерөнхий сайд Бенжамин Нетаньяахугийн засаг захиргааг Палестинчуудын эсрэг геноцид үйлдсэн гэж дүгнэсэн нь Израилийн засгийн газрын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Трамп сонгуулийн арга хэмжээний үеэр Пиллэйг "нууцлаг хүн", "НҮБ-д ажилладаг, хэний ч сонсож байгаагүй либерал үзэлтэн" гэж тодорхойлсон байна. "Би энэ хүний тухай хэзээ ч сонсож байгаагүй. Хэн ч сонсож байгаагүй... Би олон хүнийг танина. Гэхдээ энэ хүний тухай хэзээ ч сонсож байгаагүй. Ямартай ч баяр хүргэе” гэж тэр хэлжээ. Пиллэй шагналын эзэн болсноо мэдэх үедээ дэлхийн хоёрдугаар дайны дараа Нацистын удирдагчдыг шүүж байсан Германы хотод олон улсын эрх зүйн асуудлаар зохион байгуулагдсан "Нюрнбергийн форум"-д оролцож байв. Түүний шагнал хүртсэн тухай мэдээг танхимд цугларсан хүмүүс алга ташин хүлээж авчээ. "Хэрэв та нар арай илүү чанга алга ташвал би энэ шагналыг Трамптай хуваалцаж магадгүй юм" гэж Пиллэй энэ үеэр хошигнож байв. Трамп ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа жил бүр уг шагналыг авч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тэрбээр дэлхийн дипломат харилцааны хамгийн нэр хүндтэй шагнал гэгддэг Нобелийн энх тайвны шагналыг авахын төлөө 2025 онд идэвхтэй сурталчилгаа явуулж байв. Гэвч Нобелийн шагналын хороо өнгөрсөн онд уг шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадод олгосон юм. Хожим нь тэр Венесуэл дэх үйл ажиллагаандаа АНУ-ын дэмжлэгийг авахын тулд өөрийн медалиа Трампад бэлэглэсэн бөгөөд үүний хариуд Нобелийн хороо уг шагналаас татгалзах, хуваалцах эсвэл бусдад шилжүүлэх боломжгүйг анхааруулж байжээ. "Энэ бол Норвеги улс болон ийм ичгүүртэй, эвгүй байдалд оруулах шийдвэр гаргасан хүмүүсийн хувьд арилшгүй хар толбо юм" гэж Трамп өчигдөр хэлсэн байна. Тэрбээр өөрийгөө шийдвэрлэхэд нь оролцсон гэж үзэж байгаа дэлхийн хэмжээний хэд хэдэн дайн мөргөлдөөнийг дурдахдаа Умард болон Өмнөд Солонгос, мөн Япон болон Умард Солонгосын хооронд дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэхэд тусалсан гэх ямар нэгэн нотлох баримтгүй зүйл ярьжээ. "Нобелийн энх тайвны шагнал нь ардчиллыг эсэргүүцэгч, соёл иргэншлийн жинхэнэ дайсан болсон цөөн хэдэн радикал үзэлтнүүдийн улмаас нэр хүндээ алдлаа. Норвеги улс аа, бид үүнийг мартахгүй" гэж Трамп анхааруулсан байна. Нобелийн шагналын эзнээр Пиллэй тодорсноос хойш хэдхэн цагийн дараа Трампын засаг захиргаа Олон Улсын Эрүүгийн Шүүхийн эсрэг шинэ хориг арга хэмжээ зарласан юм. Цагаан ордон тус шүүхийг АНУ болон Израилийн эсрэг ажиллаж, шударга бусаар ханддаг гэж удаан хугацаанд буруутгасаар ирсэн. Дээрх хориг арга хэмжээ нь Нобелийн шагналын шийдвэрт үзүүлсэн хариу үйлдэл байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү хориг нь тус шүүхтэй хамтран ажилладаг аливаа байгууллагад санхүүгийн шийтгэл ногдуулах зорилготой ажээ. Эх сурвалж: Reuters
