Depository of News

АНУ-ын шоронд болсон цаазын ажиллагаанаас амьд үлдсэн эмэгтэй эмнэлгээс гарлаа

newsdepo.com · world

Теннесси мужид өнгөрсөн долоо хоногт болсон цаазын ажиллагааны үеэр хоёр ч удаа үхлийн тарилга хийлгээд амьд үлдсэн Криста Пайкийг эмнэлгээс гаргаж, шоронд нь буцаасныг түүний өмгөөлөгчид Бямба гарагт мэдээлжээ. 50 настай Пайк эмнэлгээс гарч, сүүлийн 30 жилийн турш хоригдож байсан эмэгтэйчүүдийн шорон болох "Дебра К. Жонсоны нэрэмжит Засан Хүмүүжүүлэх Төв"-д буцаж ирснийг өмгөөлөгч нар нь бичгээр гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. "Тэрбээр ийм онцгой нөхцөл байдалд өөрт нь анхаарал халамж тавьсан яаралтай тусламжийн ажилтнууд болон эмнэлгийн багийнханд талархаж байна. Одоо тэр шоронд эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн авч байгаа бөгөөд бид түүний биеийн байдал сайжрах явцыг үргэлжлүүлэн хянах болно" гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Пайк 1995 онд атаархал, үзэн ядалтын улмаас ангийнхаа сурагч Коллин Слеммерийн аминд хүрсэн хэргээр есдүгээр сарын 30-ны өдөр цаазлуулах ёстой байсан ч пентобарбитал бодисын хоёр тун тариулсны дараа амьд үлдэж, улмаар эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Тэрбээр хэсэг хугацаанд амьсгалын аппаратад холбогдсон байсан бөгөөд өмгөөлөгчид нь түүнийг “амьд үлдэнэ” гэж найдаагүй байв. Гэвч Пайк ухаан орж, ярьж, бусдын тусламжтайгаар алхаж эхэлснийг сүүлд тэд мэдээлж байлаа. АНУ-ын Цаазын Ялын Мэдээллийн Төвийн баталснаар Пайк бол үхлийн тариа хийлгэсний дараа амьд үлдсэн анхны ялтан юм. Теннесси мужийн шоронгийн захиргаа цаазаар авах ажиллагааны явцад ямар алхам буруу болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Эмнэлгийн болон үхлийн тарианы мэргэжилтнүүд судсанд тарих хоолойд гарсан асуудлын улмаас эм нь цусны урсгал руу орохын оронд биеийн бусад эд эрхтэнд хуримтлагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Пайкийн өмгөөлөгчид шүүхэд гаргасан баримт бичигтээ "Цааз гүйцэтгэх багийн аль ч гишүүн судсанд тарих хоолойг буруу байрлуулсныг огт анзаараагүй бололтой" гэж энэ талаар дурджээ. Амжилтгүй болсон энэхүү цаазын ажиллагаа нь Теннесси муж уг ялыг зөв, хүнлэг аргаар гүйцэтгэж чадаж байгаа эсэх асуудлыг дахин анхаарлын төвд оруулж байна. Үүний дараа Теннесси мужийн захирагч Билл Ли тус мужид энэ онд товлогдсон байсан өөр нэг цаазаар авах ажиллагааг хойшлуулж, юу буруу болсныг шалгахыг үүрэг болгоод байгаа. Цаазаар авах ажиллагаа амжилтгүй болсны дараа тус мужийн шоронгийн захиргааны дарга албан тушаалаасаа огцорсон. Цаазын ажиллагаа эхэлснээс хойш таван минутын дараа Пайк толгойгоо өндийлгөөд гар нь өвдөж байгааг хэлж байв. Дараа нь тэр ухаан алдсан мэт харагдаж байсан ч ажиллагаа эхэлснээс хойш бараг 90 минутын дараа хэвлэл мэдээллийнхнийг ажиглалтын өрөөнөөс гаргах хүртэл хүндээр амьсгалж байгаа нь сонсогдож байжээ. Удалгүй түүнийг түргэн тусламжийн автомашинаар эмнэлэгт хүргэсэн юм. Эх сурвалж: Associated Press

Read full article →