Depository of News

Саудын Арабын олон улсын нисэх буудал Хуситуудын агаарын цохилтод өртөх үеэр 12 хүн амь үрэгдэж, 309 хүн шархадлаа

newsdepo.com · world

Бямба гарагт Саудын Арабын нийслэл Рияд хотын Хаан Халидын Нэрэмжит олон улсын нисэх буудал хөрш Йемений босогчдын агаарын цохилтод өртөх үеэр 12 хүн амь үрэгдэж, 309 хүн шархаджээ. Амь үрэгдэгсдийн дотор Саудын Арабын дөрөв, Бангладешийн хоёр, АНУ, Египет, Йордан, Сири, Судан, Палестины тус тус нэг иргэн байсныг эрх баригчид мэдээлсэн байна. Ираны дайнтай зэрэгцэн саяхнаас Ойрх Дорнодод бас нэг фронт Саудын Араб болон Йемений Хусит босогчдын хооронд шинээр нээгдээд байгаа. Саудын эрх баригчид олон жилийн турш хөрш Йемений албан ёсны засгийн газрыг дэмжиж, Ираны дэмжлэгтэй Хусит босогчдын эсрэг Арабын орнуудын цэргийн эвслийг тэргүүлж байгаа юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл тус улсын нийслэл Рияд хот ийм хэмжээний халдлагад өртөж байгаагүй. Халдлагын дараа Египет, Катар зэрэг бүс нутгийн улсууд Хуситуудын үйлдлийг буруушааж, Саудын Арабын талд зогсож байгаагаа илэрхийлцгээжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа тус улс Хуситуудын эсрэг Саудын Арабын байлдааны ажиллагаанд нэгдэж, бас Ираны эсрэг цохилтоо сэргээж болзошгүйг мэдэгдсэн байна. “Халдлагын талаар дөнгөж сая мэдлээ. Бид шийдвэр гаргах болно”гэж тэр хэлжээ. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө хэлэхдээ арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох Конгрессын завсрын сонгуулийг хүртэл Ираны эсрэг ямар нэг байлдааны ажиллагаа явуулахгүйгээ амлаж байсан юм. Хаан Халидын нэрэмжит олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор зарим агаарын тээврийн компаниуд Рияд хот чиглэлийн нислэгээ түр зогсоох шийдвэр гаргасан байна. АНУ, Их Британи улсын эрх баригчид тус нисэх буудлаас хол байхыг өөрийн иргэдэд анхааруулжээ. Саудын Арабын гадаад хэргийн яам эх орондоо буцахаар төлөвлөж байсан өөрийн иргэдэд тус тусын байгаа улс орон дахь элчин сайдын яамдад хандаж, нислэгийн шинэ чиглэл, хуваарь авахыг зөвлөсөн байна. Эх сурвалж: Aljazeera

Read full article →