Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргав
Ерөнхийлөгчийн Тамгын газраас өөрсдийг нь дарамталж, хүсэлт шаардлага тавьсан хэмээн мэдэгдээд байсан сэтгүүлч А.Шинэбаярыг хуулийн байгууллагад шалгуулаар хандаж буйгаа мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын газрын дарга Ц.Ганзориг болон сэтгүүлч А.Шинэбаяр нар өчигдөр /2026.10.09/ дараалан мэдээлэл хийсэн. Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 9-ний орой цагдаагийн байгууллагаас сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон байна. Үүнтэй холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛ Сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 9-ний шөнө цагдан хорьсныг эрс эсэргүүцэж, холбогдох байгууллагуудаас нэн даруй хариу тайлбар шаардаж байна. Чөлөөт хэвлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн мэдэх эрх нь ардчилсан нийгмийн үндсэн баталгаа юм. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүйгээр хэрэглэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориг саад учруулах, хорьж цагдах байдлаар айдас, дарамт бий болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. МСНЭ дараах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна. Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нэн даруй ил тод мэдээлэх; Цагдан хорих арга хэмжээний хууль ёсны үндэслэл, зайлшгүй шаардлагыг яаралтай хянан үзэж, үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй бол нэн даруй суллах; Түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах болон хуульд заасан бусад эрхийг бүрэн хангах; Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг шалгахдаа хууль дээдлэх, хараат бус, шударга байх зарчмыг чанд мөрдөж, хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй байх. Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш. МСНЭ сэтгүүлч Т.Шинэбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллах болно. Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах үйлдэлтэй бид эвлэрэхгүй! Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя! Хууль ёс, шударга ёсыг чанд сахиулъя!
