Depository of News

Тэрбумтнуудын маргаан зөрчил эрчимжиж, Энэтхэгийн "жинхэнэ эзэн" Амбани мөн эсэхийг Маск асуув

newsdepo.com · world

Дэлхийн тэргүүн баян Илон Маск өөрийн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Старлинкийн үйл ажиллагааг Энэтхэгийн зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл авч чадахгүй, хүндрэлтэй тулгараад байгаа. Энэ долоо хоногт тэр Энэтхэгийн тэргүүн баян Мукеш Амбанийг "Энэтхэгийн жинхэнэ эзэн" мөн эсэхийг асуусан мэдэгдэл сошиал хуудсандаа нийтэлсэн нь түүний бухимдал дээд цэгтээ хүрсний илрэл байлаа. Үүнээс нэг өдрийн өмнө Маск нэр дурдаагүй ч нөлөө бүхий Энэтхэгийн бизнесийн бүлэглэлүүд Старлинкийг зах зээлд нь нэвтрэхэд саад учруулахыг оролдож байгааг буруутгаж байсан юм. Тэрбээр үүнийхээ дараа Энэтхэгийн хамгийн том үүрэн холбооны оператор болох "Jio"-г эзэмшдэг Reliance группийн тэргүүн Амбанийг шууд онцлон нэр дурдсан байна. Энэтхэгийн тал Маскийн шүүмжлэлийг няцааж, хиймэл дагуулын холбооны дүрэм журам нь шударга бөгөөд ялгаварлан гадуурхах утга агуулгагүйг мэдэгджээ. Амбани болон Reliance групп одоогоор Маскийн мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Энэхүү маргаан нь Reliance Jio болон Bharti Airtel компаниуд Энэтхэгийн хиймэл дагуулын интернэтийн зах зээлд үйлчилгээгээ нээхээр бэлдэж, өрсөлдөөн ширүүсэж буй цаг үетэй давхцаж байгаа юм. Старлинк нь дээрх хоёр компанитай түншлэлийн харилцаатай байдаг нь уг өрсөлдөөнийг улам бүр төвөгтэй болгож байна. 2025 оны гуравдугаар сард дээрх хоёр компани Старлинкийн тоног төхөөрөмж, үйлчилгээг Энэтхэгийн зах зээлд түгээх гэрээг SpaceX компанитай байгуулсан юм. Гэхдээ энэ гэрээ хүчин төгөлдөр болоход Энэтхэгийн засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй. Мөн эдгээр компаниуд сүлжээний дэд бүтцээ Старлинктэй хамтран ашиглах боломжтойгоо мэдэгдэж байв. Лхагва гарагт Маск эхлээд "тодорхой олигархиуд" Энэтхэгийн зах зээлд "монополийн хяналт тогтоож, хэрэглэгчдийг боомилж байна" гэж буруутгасан мэдэгдэл нийтэлсэн юм. Тэрбээр X (хуучнаар Twitter) платформд "Тэд хэн болохыг та бүхэн мэдэж байгаа" гэж бичээд Старлинкийг хаах нь "Энэтхэгийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэрэг" болохыг анхааруулжээ. Пүрэв гарагт Энэтхэгийн харилцаа холбооны яам хариу мэдэгдэл гаргахдаа Старлинк, Eutelsat OneWeb, Jio Satellite Communications гэсэн гурван операторын зөвшөөрөл авах үйл явц ижил шатанд явж байгааг дурдсан байна. Эдгээр гурван компани бүгд үйлчилгээгээ эхлүүлэхийн өмнө аюулгүй байдлын зөвшөөрөл болон давтамжийн зурвас хуваарилалтыг хүлээж байгаа юм. Тус яам Маскийн нэрийг дурдалгүйгээр “Үйл явцыг шударга бус замаар явж байгаа гэх сэжиг таамаг нь ямар ч үндэслэлгүй юм” гэж мэдэгджээ. Хариуд нь Пүрэв гарагт Маск "Старлинк дэлхийн 165 гаруй улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан бөгөөд Энэтхэгийн засгийн газрын бүхий л хууль тогтоомж, шаардлагыг биелүүлэхийн тулд таван жилийн хугацааг зарцууллаа. Гэтэл яагаад одоо болтол зөвшөөрөл олгогдохгүй байна вэ? Энэтхэгийн жинхэнэ эзэн нь Амбани юм уу?" хэмээн Х хуудсандаа бичсэн байна. Илон Маскийн SpaceX компанийн эзэмшдэг Старлинк нь дэлхийн нам тойрог замд байрлуулсан хиймэл дагуулуудыг ашиглан интернэт үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ялангуяа үүрэн холбооны сүлжээ эсвэл өргөн зурвасын кабель татахад хүндрэлтэй, өндөр зардалтай алслагдсан бүс нутгуудад энэ нь чухал ач холбогдолтой юм. Тус компани 2021 оноос хойш Энэтхэгийн зах зээлд нэвтрэхийг зорьж, гол зөвшөөрлүүдээ авсан хэдий ч арилжааны үйлчилгээгээ эхлүүлэхийн тулд аюулгүй байдлын эцсийн зөвшөөрөл болон давтамжийн зурвас хуваарилалтыг хүлээсээр байна. Лхагва гарагт Дели хотод болсон "India Mobile Congress" арга хэмжээний үеэр Старлинк, Reliance Jio болон Bharti Airtel компанийн удирдлагууд цугларч, хиймэл дагуулын интернэт үйлчилгээний төлөвлөгөөгөө танилцуулах үеэр энэхүү маргаан сэдэрсэн юм. Тус арга хэмжээнд Reliance Jio Infocomm компанийн тэргүүн бөгөөд Мукеш Амбанигийн хүү Акаш Амбани үг хэлэхдээ компани нь хиймэл дагуулын холбооны өөрийн технологийг хөгжүүлж, зохицуулалтын байгууллагын зөвшөөрөл авах чиглэлд ажиллаж байгаагаа мэдэгджээ. Сэтгүүлч Маскийн мэдэгдлийн талаар асуухад Акаш хариулахаас татгалзаад "Бид зөвхөн ажилдаа төвлөрч, Энэтхэгийн хэрэглэгчдэд үнэ цэн хүргэхийг зорьж байна" гэж хэлсэн юм. Bharti Airtel компанийн тэргүүн Сунил Бхарти Миттал мөн тус компанийн хиймэл дагуулын төсөл засгийн газрын зөвшөөрлийг хүлээж байгааг энэ үеэр дурдсан байна. Старлинкийн бизнесийн үйл ажиллагааг хариуцдаг SpaceX-ийн гүйцэтгэх захирал Лорен Дрейер тус компани Энэтхэгийн зохицуулах байгууллагуудтай олон жилийн турш хамтран ажиллаж, тус улсын шаардлагад нийцүүлэхийн тулд сүлжээндээ аюулгүй байдлын хяналтын тогтолцоог бүрдүүлснийг энэ үеэр мэдээлжээ. Старлинк үйлчилгээ Энэтхэгт нэвтрэхтэй холбоотойгоор аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд байсаар ирсэн. 2024 онд Энэтхэгийн эрх баригчид алслагдсан Андаман ба Никобарын арлуудад хар тамхины наймааны хэргийг мөрдөн шалгах явцад болон зүүн хойд нутгийн Манипур мужид явуулсан цэргийн ажиллагааны үеэр Старлинкийн тоног төхөөрөмжүүдийг илрүүлж байжээ. Энэтхэг бол дэлхийн хамгийн том интернэтийн зах зээлүүдийн нэг боловч хүртээмж жигд бус хэвээр, ялангуяа гар утасны сүлжээ болон өргөн зурвасын кабель хүрэхэд хэцүү эсвэл өртөг өндөртэй алслагдсан бүс нутгуудад байдал хүнд байгаа. Маск энэ зөрүүг арилгахад Старлинк тусална гэж үзэж байгаа юм. "Старлинк нь одоогийн үнийг төлж чадахгүй эсвэл огт холболтгүй байгаа хүмүүст өндөр хурдны, боломжийн үнэтэй интернэт холболтыг санал болгоно!" гэж тэр Лхагва гарагт сошиал хуудсандаа бичжээ. Тус компани Энэтхэгт үзүүлэх үйлчилгээнийхээ үнийг хараахан зарлаагүй байгаа ч зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг үйлчилгээ нь Энэтхэгийн олон айл өрхийн төлбөрийн чадвараас давсан байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна Старлинкийн тоног төхөөрөмжийг нэг удаа худалдаж авах зардал харьцангуй өндөр байдаг. Эх сурвалж: BBC

Read full article →