Depository of News

Конгрессын сонгуулиас өмнө үнэ буулгахын тулд Оросоос дизель түлш авахаар болсноо Трамп зарлав

newsdepo.com · politics

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцоонд хүрсний үндсэн дээр Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлшийг "нэн даруй нийлүүлэх" боломжтой болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Оросын хэдэн зуун мянган тонн дизель түлшийг үе шаттайгаар нийлүүлснээр зах зээлийн үнэ "маш хурдан бөгөөд түүхэн хэмжээгээр буурах болно" гэж тэр хэлсэн байна. Энэхүү тохиролцооны хүрээнд АНУ-ын сангийн яам Оросын дизель түлшний экспортод тавьсан хориг арга хэмжээгээ 2027 оны дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл түр зогсоож байгаа ч Америкийн банкууд дахь Оросын бусад хөрөнгө битүүмжлэгдсэн хэвээр үлдэхээр болжээ. Украины ерөнхийлөгч энэ шийдвэрийг шүүмжилж, Оросын эсрэг хориг арга хэмжээг сулруулах нь Москвагийн ашиг сонирхолд нийцэхээс гадна хоёр улсын хоорондох дайныг сунжруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Трампын хэлснээр Путин 300,000 тонн дизель түлшийг нэн даруй, үүний дараа арваннэгдүгээр сард 500,000 тонн, цаашлаад дахин нэг сая тонныг нийлүүлэхээр тохиролцсон гэнэ. Тэрбээр нэмж хэлэхдээ Украины халдлагад өртсөн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан дараа нь "богино хугацаанд" дахин гурван сая тонн дизель түлш нийлүүлэх боломжтой гэжээ. Сүүлд Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаагаа Путин илэрхийлсэн ч тодорхой хэмжээг дурдаагүй байна. Орос улс энэхүү амлалтынхаа хариуд АНУ-аас ямар боломж олж авах нь тодорхойгүй байна. Баасан гарагт хийсэн энэхүү мэдэгдэл нь АНУ-д түлшний үнийг бууруулах чиглэлээр Трампын хийж буй хамгийн сүүлийн алхам юм. Тэрбээр хоёрдугаар сард эхэлсэн Ираны дайны улс төрийн үр дагавар болон дэлхийн эрчим хүчний үнэ ханшид үзүүлсэн нөлөөлөлтэй олон сарын турш тэмцсээр ирсэн билээ. Тус мөргөлдөөн нь сүүлийн саруудад Америкт бензин, ялангуяа дизель түлшний үнийг огцом өсгөсөн бөгөөд энэ нь шатахууны өндөр үнэ болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд (инфляц) нэрвэгдсэн олон нийтийн дунд түүний нэр хүндийг унагаад байгаа. Америкийн Автомашины Холбооны мэдээлснээр АНУ-д дизель түлшний дундаж үнэ одоогоор галлон тутамд $6.28 байгаа нь есдүгээр сарын сүүлчээр бүртгэгдсэн түүхэн дээд үзүүлэлт болох $6.53-оос буурсан үзүүлэлт юм. Трампын мэдэгдлийн дараахан АНУ-ын сангийн яам Оросын дизель түлшийг зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрсөн түр зөвшөөрлийг албан ёсоор баталжээ. Баасан гарагт Трамптай дэлхийн эрчим хүчний нөхцөл байдлын талаар утсаар ярилцсанаа Путин мэдэгдээд "Оросын тал АНУ-ын зах зээл болон дэлхийн зах зээлд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо" гэж хэлсэн байна. Путиний төлөөлөгч Кирилл Дмитриев уг хэлэлцээрийг сайшаан хүлээн авч, сошиал хуудсандаа "Дизель түлш болон эрчим хүчний салбар дахь Орос-АНУ-ын хамтын ажиллагаа дэлхий нийтэд ашиг тусаа өгөх болно" гэж бичжээ. Харин Зеленский үүнийг эсэргүүцэж, "Путинд бэлэг барих нь энх тайвныг авчрахгүй”, Орос улс энэхүү олгосон боломжид "цаашдын терроризм"-оор хариу барих болно гэж мэдэгдсэн байна. "Орост газрын тосны бүтээгдэхүүн худалдахыг зөвшөөрөх нь сунжруулах бус, харин зогсоох ёстой дайнд оруулж буй хөрөнгө оруулалт юм" гэж тэрбээр сошиал хуудсандаа бичжээ. Энэ онд Украины дроны цохилтын улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд хохирч, тус улсад түлшний ноцтой хомсдол хоёр ч удаа үүссэний улмаас Орос улс дизель түлшний экспортод хориг тавиад байсан юм. Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тус улсын дизель түлшний үйлдвэрлэлийг бараг 30 хувиар буурсан гэж тооцоолж байна. Трамп өмнө нь Украины халдлагад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, түлшний үнэ өсөж буйг үүнтэй холбон тайлбарлаж байв. Гэвч өчигдөр Зеленский өөрийн цохилтыг өмгөөлөн хамгаалж, энэ нь "Орос улс Украины эрчим хүчний салбарын эсрэг олон жилийн турш явуулсан террорист ажиллагаа"-нд өгсөн хариу арга хэмжээ болохыг тайлбарлажээ "Хэрэв Орос манай эрчим хүчний дэд бүтцийг сүйтгээгүй бол Украины арми Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг галдан шатаахгүй байсан" гэж тэр мэдэгдсэн байна. Трампын сошиал хуудсандаа нийтэлсэн мэдэгдлүүд ихэвчлэн дутуу байдаг бөгөөд Орос улс энэхүү түлшийг дэлхийн зах зээлд яг хэрхэн нийлүүлэх, үүний хариуд ямар боломж олж авах талаар нарийн мэдээлэл тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч Трампын зарласан энэхүү хэлэлцээр нь бодлогын эрс өөрчлөлтийг харуулж байгаа юм. Учир нь АНУ-ын Конгресс саяхан Оросын газрын тос, байгалийн хийг импортолдог улс орнуудад шинэ хориг арга хэмжээ, импортын татвар ногдуулах тухай хуулийг баталж, ерөнхийлөгч үүнд гарын үсэг зурсан юм. Тиймээс энэ шийдвэр нь Европын холбоотнууд болон Украиныг дэмжигч Америкийн улс төрчдийн зүгээс “Москвагийн дайны машиныг санхүүжүүлэхэд тусалсан” хэмээх шүүмжлэлийг дагуулах нь тодорхой. Дэлхийн зах зээлийн жишиг үнэ болдог Брент ангиллын түүхий газрын тосны нэг баррелийн үнэ $103-аас дээш хэвээр байна. Ирантай дайн эхлэхээс өмнө нэг баррель нь $73 орчим үнэтэй байсан юм. АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ирэх сард болох гэж байгаатай холбогдуулан Трамп намынхаа улс төрийн зовлонг нимгэлэх арга замыг хайж байгаа. Уг сонгууль Конгрессын хяналтыг Бүгд Найрамдахчууд хадгалсан хэвээр байх эсэхийг тодорхойлох юм. Эх сурвалж: BBC

Read full article →