А.Шинэбаяр: Би сүүлийн 10 жил У.Хүрэлсүхийг дэмжихдээ нэг ч төгрөг авч үзээгүй, багт нь ажиллаж байгаагүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эзэмшдэг гэх барилга, байгууламжийн зураг, мэдээллийг сэтгүүлч А.Шинэбаяр олон нийтийн сүлжээнд дэлгээд буй. Нөгөө талд А.Шинэбаярыг хүсэлт, шаардлагыг нь биелүүлээгүй учраас төрийн тэргүүний нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тарааж байна гэдэг тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан. ЕТГ-аас А.Шинэбаярыг бусдад Хөдөлмөрийн баатар цол өгүүлэхийг шаардсан, редакц байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авах санхүүжилт хүссэн, төрийн айлчлалд авч явах, Ерөнхийлөгчтэй уулзуулах зэрэг асуудлыг шаардсан хэмээн мэдэгдээд байгаа. Энэ асуудалд сэтгүүлч А.Шинэбаяр тайлбар өглөө. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тэрбээр “Ерөнхийлөгчийн Тамгын газраас намайг хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан гэхээр нь би өөрийгөө шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт ирээд байна. ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг намайг таван зүйлээр гүтгэж байна. Ц.Ганзориг болон түүний өмнө ажиллаж байсан Ө.Золбаяр бид нар найз нөхдийн харилцаатай. Ц.Ганзоригтой нэг удаа хамт идэж, нэг удаа вайбэраар холбогдсон. Намайг шантааж хийсэн гэсэн байна. Нэгдүгээрт, Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажиллаж, амьдарч буй П.Шижээ эмч дөрвөн жилийн өмнө ЕТГ руу Хөдөлмөрийн баатар цолны хүсэлт явуулсан юм билээ. Хариу өгөөгүй. Тэр хүнд Хөдөлмөрийн баатар цолыг нь өгчхөөсэй гэж хүсэж, дамжуулсан төдий. Тэгэхэд Ц.Ганзориг “Чамтай ямар холбоотой хүн юм” гэж асуусан. Би хамаатан садан биш, орон нутагт ажиллаж байгаа гавьяат, Ардын эмч цолтой ганц хүн гэдгийг нь хэлсэн. Хоёрдугаарт, намайг мөнгө шантаажилсан гэсэн. Редакцаа томруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх тухай ярихад Ц.Ганзориг “Найз нь чамайг дэмжих үү” гэсэн. Би “Одоохондоо хэрэггүй” гэж хэлсэн. Энэ бол хоолны ширээний ард болсон яриа. ЕТГ-аас мөнгө нэхсэн зүйл байхгүй. Би сүүлийн 10 жил У.Хүрэлсүхийг дэмжихдээ нэг ч төгрөг авч үзээгүй, багт нь ажиллаж байгаагүй. Эднийхтэй нэг ч удаа гэрээ хийж үзээгүй. Мөн намайг Ерөнхийлөгчтэй уулзуулж өг гэж шаардсан гэсэн. Яагаад тусгаар улсын иргэн, парламентын сэтгүүлч хүн Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж болохгүй гэж. Гэхдээ би уулзъя гэж гуйгаагүй. Зураг, мэдээлэлтэй холбоотойгоор намайг “Херо”-гийнхонтой ажиллаад байна гэж харж байгаа байх. “Женко”-г дэмжигчид мөнгөөр ажилладаг бол би Хүрэлсүх гэдэг хүнийг 10 жил итгэл үнэмшлээрээ дэмжсэн" хэмээн ярив.
