Ц.Ганзориг: Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй хүний өмчийг нууц хөрөнгө нь мэтээр олон нийтийг төөрөгдүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг их хэмжээний нууц хөрөнгөтэй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас хариу тайлбар хийлээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хэвлэлийн хорт хавдар гэж болохуйц, микрофон барьж шантааж хийдэг хууль бус үйлдэл нэг өдөр гарч ирээгүй, нэг сарын дотор бий болоогүй удаан үргэлжилж буй энэ асуудалтай ЕТГ эвлэрэхгүй, үгүй гэж хэлж байгаа. Ерөнхийлөгчийг нууц хөрөнгөтэй мэт мэдээллийг цахим орчинд явуулж байна. Энэ бол өнгөрсөн онд мөн гарч, хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон асуудал. Эхний асуудал Ерөнхийлөгчийн нууц хөрөнгүүд буюу Бага тэнгэрийн хаусууд гэх бичлэг. Энэ бол хувь хүний өмч хөрөнгө. Хувь хүний өмч хөрөнгө учраас иргэн тэр хүнийх гэж зарлах нь хууль зөрчинө. Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй, мөн Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хүмүүстэй ч хамааралгүй хөрөнгийг Ерөнхийлөгчийнх мэтээр олон нийтэд санаатай, санамсаргүйгээр мушгин гуйвуулж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьж буй "Андууд тауэр" гэсэн бичлэг байна. Энэ мөн хувь хүний өмч хөрөнгө, Ерөнхийлөгчтэй хамааралгүй. Та бүхэн санаж байвал 2025 оны есдүгээр сард эдгээр бичлэг гарч, олон нийтэд төөрөгдөл үүсгэхэд хууль, хяналтын байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг тогтоосон. 3-4 хүн нэр холбогддог. Захиалга өгсөн, төлбөр шилжүүлсэн, гүйцэтгэсэн хүнийг орон байраар хангасан, харилцаа холбоо зэргийг хууль хяналтын байгууллага хөдөлшгүй баримтаар тогтоосон. Ерөнхийлөгчтэй хамт нэг фитнесст явдаг, бизнес эрхэлдэг н.Нямдаваа гэж хүн бий. Энэ хүний машинууд нь Ерөнхийлөгчийнх юм байна, нэр дээрээ хадгалдаг, мөнгийг нь угаадаг юм байна гэх худал мэдээллийг удаа дараа цацсан. 2026 оны тавдугаар сард хууль хяналтын байгууллага тухайн иргэний гаргасан гомдлын дагуу шалгаж тогтоосон. Худал гүтгэлгийн мэдээллийг бэлдэж цацсан, зорилготойгоор тараасан этгээд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ) руу оргон зайлсан. Одоогоор БНХАУ-д орогнож байгаа бөгөөд тухай этгээд нь Ганболдын Золзаяа гэх Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэл мэдээллийн ажилтан байсан, Сэлбэ дэд төвийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн гишүүн байсан хүн гэдгийг нь тогтоосон. Дараагийн нэг мэдээлэл нь "United Mall"-ыг У.Хүрэлсүхийн хөрөнгө гэж худал мэдээлэл гаргаж байна. Энэ зэргээр өдөрт нэг хувь хүн, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийг Ерөнхийлөгчийн хөрөнгө хэмээн цацаад байх нь төрд итгэх итгэл, ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний нэр хүндэд халдаж байгаа асуудал. Ерөнхийлөгчийн нэр төрд халдана гэдэг нь Монгол Улсын нэр төртэй холбогддог" гэлээ. Түүнчлэн тэрээр Ерөнхийлөгчийн өмч хөрөнгийн талаар "2020 онд Ерөнхийлөгч хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Үүнээс хойш байр худалдаж авсан. Аялал жуулчлалын тансаг зэрэглэлийн ресортой гэж мэдээлэл гараад байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илт Хан" гэж компанийн 58 хувийг эзэмшдэг. Үүнийгээ 2017 оноос хойш мэдүүлсээр ирсэн. 10 гаруй дүнзэн байшин, 10 гаруй гэртэй амралтын газар юм. Байр худалдаж авсан баримт, өөрийнх нь хадгаламж, цалингийн харилцах данснаас шилжсэн баримт гээд бүгд бий. Ерөнхийлөгч өөрийнх хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулсан. Зөрчил, хууль бус зүйл байхгүйг тогтоосон" гэв. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг сэтгүүлч Т.Шинэбаяртай архины ширээний ард уулзсан гэх мэдээлэлд "Архины ширээний ард Т.Шинэбаяр сэтгүүлчтэй уулзсан тохиолдол байхгүй. Нэг удаа биечлэн, нэг удаа утсаар ярьж байсан. Энэ хавар, зуны турш Т.Шинэбаяр сэтгүүлч баримт нотолгоогүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү халдсан мэдээллийг удаа дараа явуулсан. Би мэдээллүүд чинь худлаа байна гэдгийг нөхөрсгөөр сануулж, ярихыг оролдож нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьсан" гэлээ.
