Б.Ариунтөгс: Хүүхдүүд мансууруулах бодис тарьсан зүүний мөрөө далдлахын тулд шивээс хийлгүүлдэг
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ариунтөгстэй сүүлийн есөн жилийн хугацаанд үйлдэгдсэн хар тамхитай холбоотой хэргийн талаар ярилцлаа. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт ямар хүмүүс ихэвчлэн холбогддог вэ? - Сүүлийн есөн жилийн хугацаанд энэ төрлийн 2,100 гэмт хэрэгт 2,422 иргэнийг яллагдагчаар татаж шалгасан. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 60.5 хувь нь бүрэн дунд боловсролтой, 59.6 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа бий. Насны байдлаар аваад үзвэл 13-17 насны 107 хүн байгаа бөгөөд 18-25 насныхан 54.8 хувийг эзэлж байна. Судалгааг нэгтгээд харвал 13-35 хүртэлх насныхан нийт гэмт хэрэгт холбогдогчдын 91 хувийг эзэлсэн. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд дандаа хүүхэд, залуучууд холбогдоод байгааг тус судалгаанаас харж болно. Тухайлбал өнгөрсөн 2025 онд гэхэд энэ төрлийн гэмт хэрэгт 18 насанд хүрээгүй 83 хүн холбогдон шалгагдсан. Үүнээс 79 хүүхэд нь Зөрчлийн тухай хуулиар, дөрөв нь Эрүүгийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. Ялангуяа сүүлийн 2-3 жилийн хугацаанд өсвөр насны хүүхдүүд тус гэмт хэрэгт ихээр холбогдсон байгаа юм. Монгол Улсад ургадаг зэрлэг олсны ургамалтай холбоотой хэрэг нийт гэмт хэргийн 70 хувийг эзэлдэг. 25 хувийг гадаад улсаас орж ирдэг синтетик төрлийн бодис, үлдсэн таван хувийг дотоодод худалдан борлуулдаг хууль ёсны эргэлт гэж ярьдаг хүн амын эмчилгээнд хэрэглэдэг жортой болон жоргүй олгодог эмийг зориулалтын бусаар ашиглаж мансуурч байна. - Хар тамхи хэрэглэсэн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? - Хар тамхи хэрэглэдэг хүний бие организм амьдралын хэв маяг, зан араншинд өөрчлөлт орж эхэлдэг. Нүдний хүүхэн хараанд шууд өөрчлөлт орно. Хэрэглэсэн бодисоос хамаарч үрэвсэж томрох, цэг шиг жижигхэн болж, гөлийсөн байдалд ордог. Мөн нүдэнд улайх шинж тэмдэг илэрнэ. Гар утас удаан үзсэн тохиолдолд нүдэнд улайлт үүсдэг боловч унтаад сэрэхэд арилдаг. Харин хар тамхины нүдний улайлт 7-14 хоногт арилдаггүй. Дараагийн ээлжид хүний ярьж буй зүйлийг ойлгож байгаа хэрнээ өөрийгөө илэрхийлж ярьж чаддаггүй. Эсвэл ярьсан ч эмх цэгцгүй, дэс дараалалгүй, хэл нь орооцолддог. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй атлаа согтуу юм шиг гуйвж дайвсан байдлаар хөдөлгөөний эвсэлгүй болно. Амьдралын хэв маягт өөрчлөлт орж шөнийн амьдралтай болж эхэлнэ. Хүүхэд залуучуудын хувьд хичээлийн бус цагаар хэрэглэх сэдэл үүсдэг. Хүүхдээ хаана хэнтэй юу хийж явааг эцэг эхчүүд анхаарах шаардлагатай байна. Эмчилгээнд жортой болон жоргүй олгодог эмийг тарьж хэрэглэсэн тохиолдолд хуруу, гарт зүүний мөр байгааг анзаарах хэрэгтэй. Хүүхдүүд мансууруулах бодис тарьсан зүүний мөрөө далдлахын тулд шивээс хийлгүүлдэг. Зарим тохиолдолд цавь, хөлдөө тарьсан байдаг. Мөн мансууруулах эмийн тунг хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн бол шалтгаангүй их унтдаг. - Хэрэв эргэн тойрны хүмүүст нь энэ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? - Хүүхэд нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээд эхэлсэн гэх сэдэл эцэг эхчүүдэд төрвөл манай албанд сайн дураараа хандаж болно. Хүүхдүүдээ дагуулж манайд ирээд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест өгч болно. Сайн дураараа хандсан тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. Бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Аддиктологийн төвтэй холбож, сэтгэл зүйчтэй уулзуулна. "Охидын хувьд үерхдэг байсан найз залуу нь хар тамхи хэрэглэдэг. Хэрэглэхгүй бол сална гэж хөшүүрэгдэж эхэлдэг" - Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд ихэвчлэн ямар шалтгаанаар хэрэглэсэн байдаг вэ? - Хүүхэд залуучуудын хэрэглэсэн шалтгаан нь хэд хэдэн төрөлтэй байна. Нэгт эцэг эхийн хараа хяналт дутмаг, хоёрт бусдыг даган дуурайх сэдлээс болоод хар тамхи хэрэглэдэг. Эсвэл найз нөхөд, танилын хүрээллээс хамаарч хэрэглэсэн тохиолдол бий. Мөн хор уршиг, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас болж хэрэглэдэг. Эцэг эхчүүд өглөө гараад орой гэртээ ирэхдээ хүүхдээ архи уусан уу, тамхи татсан уу гэдгийг л шалгадаг. Түүнээс биш хар тамхи хэрэглэсэн эсэхийг хэн ч тооцоолж бодохгүй байна. Гэтэл аавтайгаа юм уу, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүд ямар нэгэн дутуугийн мэдрэмжээс шалтгаалж хар тамхи хэрэглэдэг. Хүүхдүүд сэтгэл зүйчтэй уулзаад "манай аав, ээж миний хүссэн мэргэжлээр сургахгүй байна, надад анхаарал халамж тавьдаггүй" гэдэг. Өсвөр насны хүүхдүүд уурлаж бухимдсан үедээ бусдад уруу татагдах магадлалтай. Өсвөр хүүхдүүдэд танихгүй хүн санал болговол төдийлөн хэрэглэдэггүй. Танил найз нөхөд нь уруу татсанаас болж "чи миний найз юм бол хэрэглээд үз, юун сүртэй юм бэ" гэх мэтээр ятгадаг. Охидын хувьд үерхдэг байсан найз залуу нь хар тамхи хэрэглэдэг. Хэрэглэхгүй бол сална гэж хөшүүрэгдэж эхэлдэг. Иймэрхүү зүйлээс шалтгаалж хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байна. Сүүлийн үед дунд сургуулийн хүүхдүүд "миний шүтэн биширдэг дуучин энэ зүйлийг хэрэглэдэг учраас би хэрэглэсэн" гэх болсон. Олны танил хүмүүс нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх шаардлагатай. Их дээд сургуулийн оюутнуудад сургалт ороход эрх зүйн мэдлэг дутмаг байдаг. Жишээлбэл, их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан "Багийн найз маань надад нэг ууттай зүйл өгсөн. Тэр зүйлийг аваад гэртээ хадгалчихсан чинь хар тамхи байсан" гэсэн. Тэр хүүхэд "хадгалсан" гэдэг үндэслэлээр эрүүгийн хуулиар хариуцлага хүлээсэн. - Дутуугийн мэдрэмжтэй хүүхэд хар тамхи хэрэглэх магадлал өндөр байдаг гэсэн үг үү? - Манай албанд нэг хүүхэд хоёр удаагийн үйлдлээр ахуйн хэрэглээний зүйл үнэрлэж мансуурсан байдалтай шалгагдаж байлаа. Тухайн хүүхэдтэй уулзахад "Аав нь орой гэртээ согтуу орж ирэх бүрд уур бухимдлаа дарахын тулд гарч мансууруулах зүйл хэрэглэдэг" гэсэн. Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь дутуугийн мэдрэмжтэй байсан. Хайр халамж дутагдсанаас үүдэж хэн нэгэнд уруу татагдаж байна. - Нийт гэмт хэргийн таван хувийг дотоодод худалдан борлуулдаг эмийн. худалдаа эзэлдэг гэж байна. Энэ эргэлтийг зогсооход ямар арга хэмжээ авдаг вэ? - Хүн амын эмчилгээнд хэрэглэдэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт жортой эмийг Эрүүл мэндийн сайдын тусгай журмаар баталдаг. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг тодорхой хэмжээний хяналттай олгодог. Энгийн жороор олгогддог эмийг хянахад хүндрэлтэй. Нэгт эмийн жорыг хуурамчаар үйлддэг. Хоёрт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад эм ханган нийлүүлэх байгууллагын албан хаагчид зарж худалдан борлуулсан тохиолдол бий. Мөн иргэд ашиг олох зорилгоор хил гаалиар их хэмжээгээр эм тариа оруулж ирж зарах, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч нар тамга тэмдгээ алдсан тохиолдлууд байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах юм уу, хуурамч жорыг мэдсээр байж олгосон тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. - Хар тамхи хэрэглээ яагаад залуужаад байгаа вэ? - Залуу, хүүхэд байх тусмаа хар тамхийг нэг удаа хэрэглэхэд маш хурдан донтдог. Тархи нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаа учраас донтолтыг хурдан хугацаанд хүлээж авдаг. Хар тамхины шарталт нь архины шарталтаас 60-100 дахин илүү өвдөлт мэдрүүлнэ. Тэр шарталтыг даван туулахад хэцүү. Үсний угаас авхуулаад хумсны үзүүр хүртэл бүх эрхтэн шархирч өвдөнө. Энэ нь богино хугацаанд үргэлжлэхгүй, бодисоосоо хамаараад 24-72 цаг тасралтгүй өвдөнө. Сэтгэл санааны гүн хямралд орж өөрийгөө хянах чадваргүй болдог. Сэтгэцийн тогтворгүй байдалд орж хууль бус зүйл хийхийг эрмэлздэг. Хар тамхитай холбогдсон эмэгтэйчүүд бие үнэлэх байдлаар мөнгө олдог. Эрэгтэйчүүд хулгай дээрэм, залилангийн гэмт хэрэг үйлдэж эхэлдэг. Хар тамхи хэрэглэх мөнгөгүй болоод эхлэхээр бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж мөнгө олох сэдэлтэй болдог. Ялангуяа өсвөр насны охид 30 орчим насны залуучуудтай хамтран амьдрах байдлаар мөнгө олж, хар тамхи хэрэглэдэг. Нэг хар тамхи хэрэглэгчийн ард 5-6 хүн байдаг гэх судалгаа бий. - Ярилцсанд баярлалаа.
