Монголчуудын нэгэндээ итгэх итгэл 27%-тай байсан бол хятадуудынх 65%-тай гарчээ
Монголын хүний нөөцийн ажилтны өдөр энэ сарын 15-нд Корпорейт Конвеншн Центр болон Худалдаа аж үйлдвэрийн их танхимд зохион байгуулагдана. "HR day" арга хэмжээний үеэр компаниуд сайн туршлагаа хуваалцаж, шийдлүүдийг хэлэлцэх аж. Тэгвэл ажлын байр ба ажиллах хүчний зарим судалгааг TsoilogsoZ-ын Хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг дараах байдлаар танилцуулсныг хүргэж байна. Бидний хийсэн хоёр том судалгаа бий. Судалгааны зарим үр дүн хүний нөөцийн хөгжлийн салбарыг эмзэглүүлж байгаа. Монголчуудын итгэлцэл жил ирэх тусам унаж байна. Ирээдүйд итгэх итгэлцэл болон бие биедээ итгэх итгэл муудаж байгаа. Эдгээр асуудлыг бидэнд хэн ч шийдэж өгч чадахгүй энэ цаг үед хувийн хэвшил, олон улсын байгууллага, төрийн байгууллага, залуусын оролцоотойгоор хамтдаа хөгжлөө ярилцаж, хамгийн гол нь хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас аравдугаар сарын 15-нд хамтдаа HR day дээр цугларч хүний хөгжлийн асуудлаа ярилцацгаая гэж уриалж байна. 50-250 ажилтантай, 250 ба түүнээс дээш ажилтантай компаниудыг гурван түвшинд ангилж, тусдаа хэлэлцэж саналын үр дүнгээ нэгтгэх зохион байгуулалтыг хийж байгаагаар онцлогтой. Мөн оюутнууд болон орон нутгийн оролцогчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох боломжийг бүрдүүлж байгаа. Хүний нөөцийн түвшинд хүмүүсээ тогтоон барьж, хөгжүүлж, ажиллах хүчнийг гаднаас оновчтой татацгаая. TsoilogsoZ залуучуудын байгууллагын зүгээс хоёр судалгааны үр дүнд ач холбогдол өгч харж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас харахад залуус энэ их өөрчлөлтийг боломж гэж харж байгаа. Тийм учраас тасралтгүй суралцах шаардлагатай. Байгууллагууд бэлэн ур чадвартай залуусыг оруулж ирэхийг хүлээхээс гадна дадлагажуулах, бодит ажлын орчинд ажиллах боломжийг бүрдүүлэх, ментор хүмүүсийг гаргаж өгөх байдлаар хамтдаа хөгжих хэрэгтэй гэж харж байгаа. Дотоодын Sica байгууллагын таван жил давтан хийсэн судалгаанаас бид иш татаж байгаа. Нийгмийн үеийн өөрчлөлтийн судалгаанаас харахад хамгийн чухал үр дүн нь 2020 онд монголчуудын ирээдүйдээ итгэх түвшинг судлахад гурван залуу тутмын нэг нь ирээдүйдээ итгэж байсан бол 2025 онд дөрвөн залуу тутмын нэг болж буурсан. World values судалгаанаас харахад монголчуудын бие биедээ итгэх түвшин 2023 онд 27 хувьтай гарч байсан. Харин Хятад улсад 65 орчим хувьтай байсан. Тэгэхээр бид ирээдүйдээ, бие биедээ итгэхийн тулд зайлшгүй бизнесийн өсөлт, хувь хүний хөгжил чухал үүрэгтэй гэж харж байгаа.
