Depository of News

Нар, сарны тусгалд өргөсөн тангараг буюу Хүннүгийн үеэс уламжилсан ШҮТЛЭГ

newsdepo.com · world

Өнөөдөр "Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг" олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан үндэсний музейд боллоо. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор, дэд профессор А.Энхтөр "Хүннүчүүдийн нар сарны шүтлэг" сэдвээр илтгэл тавьсныг товчлон хүргэж байна. Хүннү нарын сурвалжид Шанью "Өглөө наранд, үдэш саранд мөргөдөг" гэж бичсэн байдаг ба өөр бусад олон сурвалжид Хүннү нар нь нар, сарыг шүтэж ирснийг баталсан байдаг байна. Тухайлбал тэд хавар тавдугаар сард Луут хотдоо цуглаж тахилга үйлддэг байсан бөгөөд яг тэр үед нь нар, сар хоёр зэрэг гардаг үе таардаг байжээ. Ингэхдээ хотынхоо зүүн урд болон зүүн талдаа хиймэл цөөрөм байгуулдаг байсан нь хожим археологийн малтлагаар олдсон байдаг байна. Жишээлбэл Төв аймгийн Баянжаргалан болон Мөнгөнморьт сумын нутагт, Хэнтий аймгийн Баян-овоо сумын эртний хүннүгийн хот зэргээс дөрвөлжин хэлбэрийн цөөрмүүд олдсон байдаг байна. Нар, сарыг нуурын толионд тусгаж тангараг өргөдөг байсан Хүннүчүүдийн зориудаар суваг татаж цөөрөм байгуулж байсны учир нь тахилгад зориулсан буюу нар, сарыг нуурын толионд тусгаж ирэх жилийнхээ аян дайн, нутаг бэлчээрийнхээ талаар ярилцахаас гадна эзэн ноёндоо үнэнч байх тангаргаа өргөдөг байсан гэж үзсэн байна. Энэ нь нөгөө ертөнцтэй харьцах толь буюу өвөг дээдэстээ тангараг өгч байна гэсэн үг аж. Уг уламжлал нь хожмын үед ч байсаар ирснийг олон сурвалжид баталдаг байна. Тухайлбал Түрэгийн хааны хөшөөнийх нь титэм дээр нар, сарыг дүрсэлсэн байдаг. Японы Ансэйгийн үеийн ханын зураг дээр нар, сарыг дээрээ залсан өргөөнд хаадтай уулзаж байгааг дүрсэлсэн байдаг байна. Энэ нь нар сарны шүтлэг тасралтгүй үргэлжилж байсныг илтгэдэг гэв. Түүнчлэн зөвхөн хүннү нарын язгууртан дээдэс биш энгийн иргэд ч мөн адил хуульчилсан юм шиг бүх оршуулгууд нь хойд зүг рүү харсан, алт, мөнгө, төмрөөр хийсэн нар, сарны дүрслэлтэй байдаг аж. Хүннүгийн үед ийм тогтсон ертөнцийг үзэх үзэл гүн бат суусан байсан нь нар, сарны шүтлэг нь эрт үеэс уламжилсан байдгийг илтгэдэг байна. "Монголчуудын эзэнт гүрний үед ч нар, сарыг шүтэх уламжлал, нуур усанд тангараг тавих явдал байсан" Хожим буюу Монголчуудын эзэнт гүрний үед ч нар, сарыг шүтэх уламжлал, нуур усанд тангараг тавих явдал байсан гэв. Жишээ нь Чингис хааныг Хар зүрхний хөх нуурт байхад нь алтан ургийн ноёд ирээд хаан болгодог, Занабазарыг Ширээт цагаан нуурын дэргэд Монголын анхдугаар Богд Жавзундамба хутагтаар өргөмжилсөн байдаг. Эдгээр түүхүүд нь бүгд заавал нуур устай холбогдож байдаг нь нуур усан дээр нар, сарыг тусгаж гурван ертөнцийн бэлгэдэл дор өвөг дээдэстээ ам өчиг өгдөг байсан гэж үзэж байгаа аж. Тухайлбал Монголын нууц товчоонд Тайчууд Есүхэй баатрыг үхсэний дараа Тэмүүжин, Өэлүн эхийг хаяад нүүхэд нь Чирха өвгөн эзэн ноёндоо өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж овгийнхоо тугаараа даллаад ирэхэд Тодойн Гиртэ өвгөний зоо нурууг жадлаад "Цээлийн ус ширгэв Цэгээн чулуу хагарав" гэж хэлдэг. Энэ нь тангараг тавьсан нуур чинь ширгээд алга болсон учир тангаргаа зөрчиж болно гэсэн үг гэдгийг илтгэсэн байдаг ба энэ мэт уламжлал нь Монголын нууц товчоонд хадгалагдаж үлдсэн байдаг байна. Монголын нууц товчоонд Есүхэй баатар Тэмүүжинийг аваад хүргэн талбихаар явж байх замд нь Хонгирадын Дэй сэцэнтэй дайралдаж "Би урьд шөнө, нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Энэ нь Хиадын сүлд буюу...Ямар сайн тохиол учрах болов" гэсэн байдаг ба мөн л нар, сарны тухай өгүүлсэн байна. Өнөөгийн Монголчууд бидний өвөг дээдэс болох 13-р зууны хаад шууд Хүннүгийн хойчис байсныг шүтлэг бишрэл нь нэг байсан нь илтгэж байна гэв.

Read full article →