"Эрхүүд хийгдсэн 5,000 орчим лабораторийн шинжилгээнд аюултай эмгэгч төрүүлэгч бичил биетэн илрээгүй гэх хариу ирүүлсэн"
Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Эрхүү мужид лабораторийн ажилтан тахал өвчнөөр нас барсан нь олон улсын анхаарлыг татсан хэвээр байна. Үүсээд буй уг нөхцөл байдалтай холбоотой асуудлыг өнөөдөр Улсын Онцгой Комисс(УОК)-ын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Энэ талаар Шадар сайд Н.Номтойбаяр "ОХУ-ын Эрхүү хотод урьдчилсан байдлаар Тарваган тахал нэр томьёоллоор олны анхааралд ороод байсан асуудлын хүрээнд УОК өмнөх хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил, гаалийн байгууллагуудад чиглэл өгөөд байсан. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны алба болон Сибир, Алс Дорнодын тарваган тахал судлах шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгээс албан ёсоор хариу ирүүллээ. Шинжилгээний дүнгээр "КОВИД-19"-ийн хоёр тохиолдол, реновирусийн халдварын хоёр тохиолдол илэрсэн бөгөөд бусад халдварт өвчний үүсгэгч илрээгүй, 2026 оны аравдугаар сарын 7-ны байдлаар нийт хавьтлын эмнэлгийн хяналт 100 хувь дууссан. Халдварт өвчинтэй холбоотой эрүүл мэндийн байдал өөрчлөгдсөн тохиолдол илрээгүй бөгөөд 5,000 орчим шинжилгээний үр дүнд аюултай эмгэгч төрүүлэгч бичил биетэн илрээгүй байна. Өвчилсөн ажилтан мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд аюултай халдварын эсрэг вакцинд хамрагдаж, дархлаа тогтсон байсан. Хүрээлэнд биологийн аюулгүй байдлын хяналтын хэрэгжилтийг шалгасан хоёр комиссын дүгнэлтээр нэг эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй харьцах явцад осол зөрчил гараагүй, холбогдох хяналт зохих журмын дагуу хэрэгжиж байсныг баталгаажуулсан. Мөн лабораторийн шинжилгээний үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад хүргүүлж байгаа юм билээ. Товчхондоо олны анхааралд өртөөд байсан тарваган тахлын шинж тэмдэг байхгүй. Иймд УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ цуцлахаар шийдвэрлэсэн" гэлээ.
