ТАНИЛЦ: Одонгийн мөнгө, наадам, цагаан сарын амралт, ипотекийн зээлийг нэг хуульд хольсон Т.Аубакир сайдын санаачилсан хууль
УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хөгжлийн дэмжих тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмж, "Эхийн алдар" одонтой эхэд олгодог тусламж, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг хүн ам зүйн бодлогод чиглэсэн мөнгөн дэмжлэгтэй холбоотой зохицуулалтуудыг нэгтгэн хамруулжээ. Хуулийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Энэхүү хууль батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдал дээшилж, хүн амын өсөлт нэмэгдэхээс гадна нийгмийн анхан шатны нэгж болсон гэр бүл бат бөх, эрүүл байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд одоогийн халамжийн зардлыг илүү оновчтой, гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн тогтолцоо руу чиглүүлж байна" хэмээн танилцуулав. Харин хуулийн төслөөс харахад гэр бүл, гэр бүлийн гишүүдэд олгодог мөнгөн тэтгэмж халамжтай холбоотой заалтуудыг одоо мөрдөгдөж буй хуулиудаас салган авч түүнийгээ нэгтгээд анхдагч хууль хэмээн сүржин нэрлэснээс өөр шинэ зүйл байсангүй. Мөн энэ хуулийн төсөл батлагдвал монгол гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлт гарч, ядуу өрхийн хүүхдүүд, эцэг эх нь салсан, эмээ өвөөтэйгөө эсвэл хамаатныдаа амьдардаг хүүхдийн ирээдүйд ямар эерэг үр дүн гарах вэ гэдгийг УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас тодруулсан юм. Олон гишүүн удаа дараа асууж тодруулсан ч хууль санаачлагч энэ асуултад хариулж чадсангүй. Салбарын сайдын танилцуулсан хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна. Гэр бүлийг дэмжихтэй холбоотой Анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авах гэж байгаа эсвэл түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн хүүхэдтэй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид хамруулах арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлнэ. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа гэр бүлд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9.1.3-т заасны дагуу ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд зээлийн батлан даалт гаргах; Бүх шатны засаг дарга нь гэр бүлийн эрүүл амьдрах орчныг сайжруулах, иргэдийн цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг жил бүр төлөвлөн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ. сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдаж байгаа хүүхэдтэй өрхийн эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэгд хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргэж өгөх, авахад нь зориулж, ажилтны цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажлын цагийг 2 хүртэлх цагаар богиносгох; гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтныг жилд нэг удаа 3 хүртэлх сарын хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ, зайнаас ажиллуулах; ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа эдлэхийг хүсвэл ээлжийн нэмэгдэл амралтын хугацааг ажлын 2 өдрөөр нэмэгдүүлж олгох; ажилтны тоо, хүсэлтийг үндэслэн байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох; Эрүүл мэндийг дэмжих Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлд эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх; Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүнд бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд байгаа сэтгэлзүйчдээр дамжуулан гэр бүлийн сэтгэлзүйн тусламж, үйлчилгээг тусгайлан үзүүлэх; Архидан согтуурах, тамхидалт, мансуурах донтой болон дэлгэцийн хамааралтай хүүхэд, гэр бүлийн гишүүдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах төвүүдэд үзүүлэх; Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэн тэргүүнд хүргэх; Үргүйдэлтэй гэр бүлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх. Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх гэрлэгчдийн харилцааг сайжруулах, гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх; эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд хүмүүжлийн эерэг аргын ур чадвар олгох сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх; эх, эцгээсээ тусдаа амьдарч байгаа хүүхдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх; Гэр бүлийн өдрийг тэмдэглэх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр, 4.1.3-т заасан Цагаан сарын баярын өдөр долоо хоногийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амарна. Эрүүл, тогтвортой гэр бүлийг төлөвшүүлэхэд хувь хүн, гэр бүл, нийгэм нийтээрээ идэвхтэй оролцох, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.5-д заасан “Гэр бүлийн өдөр” тохиосон долоо хоногийг нийтээр тэмдэглэнэ. 25 ба түүнээс дээш жил хамт амьдарч, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн гэр бүл болон гэр бүлд ээлтэй үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, алдаршуулах; аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр гэр бүлд зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ, тарифт хөнгөлөлт, тусламж үзүүлэхийг дэмжих; Хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэг Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг хүүхдэд төрснөөс хойш 18 нас хүртэлх хугацаанд сар бүр олгоно. Асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхдэд тухайн асрамжийн газар нь хадгаламжийн данс нээлгэж, хүүхдийн мөнгөн дэмжлэгийг банканд бүрэн хадгалуулна. Асрамжийн газарт амьдарч байгаа 14 ба түүнээс дээш насны хүүхдийн мөнгөн дэмжлэгийн 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий банкны харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна. Цагдан хоригдож байгаа, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхдийн нэр дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа газар, хэлтэс банкинд хадгаламжийн данс нээлгэж, хүүхдийн хадгаламжийн дэвтрийг тухайн хорих анги байрлах аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хүүхэд нас барсан тохиолдолд хадгаламжийн дэвтрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өв залгамжлагчид, хууль ёсны өв залгамжлагч байхгүй тохиолдолд Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгнө. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө Хүүхдийн төлөө санд хүүхдийн мөнгөн дэмжлэгээ шилжүүлэх хүсэлт гаргаж болно. Жирэмсэн эхийн мөнгөн дэмжлэг Нийгмийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхгүй эх жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэл буюу 5 хүртэлх сарын хугацаанд сар бүр мөнгөн дэмжлэг авах эрхтэй. Хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг Төрүүлсэн болон үрчилж авсан 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг 36 хүртэлх сарын хугацаанд асарч байгаа хүүхдийн тооноос үл хамааран сар бүр хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг авах эрхтэй. Ихэр хүүхдийн мөнгөн дэмжлэг 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн дэмжлэг олгоно. Ихэр хүүхдэд олгох мөнгөн дэмжлэгийг хүүхэд тус бүрээр тооцож олгоно. 3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд олгох мөнгөн дэмжлэгийн хэмжээг 2 ихэр хүүхдэд олгох мөнгөн дэмжлэгийн хэмжээнээс өндрөөр тогтоож болно. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох мөнгөн дэмжлэг Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, “Эхийн алдар” одонгоор шагнагдсан эх бага хүүхдээ 18 нас хүртэлх хугацаанд жилд нэг удаа мөнгөн дэмжлэг авах эрхтэй. эр бүл, хүн амын өсөлтийг дэмжих урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлт, стратегийг тодорхойлох зорилгоор гэр бүл, хүн ам зүйн суурь судалгааг Үндэсний статистикийн хороо, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний дэргэдэх сургалт, үнэлгээ, судалгааны байгууллагатай хамтран таван жил тутамд хийнэ.
