Үхлийн тарилгаас амьд үлдсэн Криста Пайк хөл дээрээ зогссон ч сэтгэцийн хувьд “самуурсан” хэвээр байгааг мэдээллээ
Өнгөрсөн долоо хоногт цаазаар авах ажиллагаа нь бүтэлгүйтсэн хоригдол Криста Пайк эмнэлгийн орон дээрээс босож, алхдаг болсон ч сэтгэцийн хувьд "самууралтай" хэвээр байгааг өмгөөлөгч нь Пүрэв гарагт мэдээлжээ. Теннеси мужийн шоронд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт болсон цаазын ажиллагааны үеэр 50 настай түүний гарын судсанд пентобарбитал хэмээх бодисыг үхлийн тунгаар хоёр удаа тарьсан ч амьд үлдсэн юм. Эхэндээ эмч нар түүний тархийг үхсэн гэж үзэж байв. Мягмар гарагт түүнийг амьсгалын аппаратаас салгахаар төлөвлөж байсан ч тэр гэнэт сэрж, ярьж эхэлсэн байна. "Тэр өнөөдөр анх удаа босоод алхсан, гэхдээ зөвхөн өрөөн дотроо. Тэр бас бага зэрэг ухаан самууралтай байгаа. Бодол нь амархан сарниж, хаашаа явж байгаагаа мартдаг” гэж өмгөөлөгч Стивен Феррелл хэвлэлд ярьжээ. Тэрбээр цааш нь "Эдгэшгүй гэмтэл учирсан байж болзошгүй. Бид үүнийг одоогоор хэлж мэдэхгүй байна" гэж хэлсэн юм. Өмгөөлөгчид нь Пайктай биечлэн уулзаж, ярилцаагүй ч түүнтэй уулзсан хамтран ажиллагсдаасаа мэдээлэл авч байгаа аж. Пайк өсвөр насандаа ангийнхаа сурагчийг хөнөөсөн хэргээр Теннесси мужийн шүүхээс цаазаар авах ял сонссон юм. Цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа түүний өмгөөлөгчид мужийн захирагч Билл Лид хандаж, ялыг нь бүх насаар хорих ял болгон өөрчлөх хүсэлт гаргаад байгаа. Захирагч Ли хараат бус мөрдөн шалгах ажиллагааг дуустал Теннесси мужид цаазаар авах ял гүйцэтгэхийг түр зогсоосон юм. Тус мужийн эрх баригчид цаашид Пайкийг дахин цаазлах оролдлого хийх эсэх нь тодорхойгүй байна. "Бид урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй нөхцөл байдалд байна" гэж Феррелл энэ талаар хэлжээ. Цаазаар авах ялыг гүйцэтгэх үеэр үхлийн тун бүхий бодис тариулсны дараа амьд үлдсэн цорын ганц хоригдол Пайк болохыг Цаазлах Ялын Мэдээллийн Төв (DPI) баталжээ. Тус байгууллагын мэдээлснээр АНУ-д урьд өмнө цаазаар авах ялын гүйцэтгэл бүтэлгүйтсэн тохиолдлууд гарч байсан ч эдгээр нь ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаагүйтэй холбоотой байдаг бөгөөд тухайн хоригдлууд эцэстээ бүгд амиа алдаж байсан гэнэ. Тухайлбал шоронгийн ажилтнууд үхлийн тун судсаар тарих шугамыг (IV line) холбож чадаагүйгээс болж цаазаар авах ажиллагаа зогссон долоон тохиолдол гарч байжээ. Лхагва гарагт шүүхээс Теннесси мужийн хорих байгууллагын албан хаагчдад Пайкийг цаазлах үеийн бүх эд мөрийн баримтуудыг, тухайлбал эмнэлгийн хэрэгсэл, хог хаягдал, дуу болон дүрс бичлэгүүдийг хамгаалалтад авах үүрэг өгсөн байна. Пайкийн тохиолдлыг оролцуулалгүйгээр энэ онд АНУ даяар 30 цаазын ялыг үхлийн тарилгаар гүйцэтгэжээ. Хамгийн сүүлд Техас мужид Жамаал Ховард 2000 онд дээрмийн үеэр дэлгүүрийн ажилтны амийг хөнөөсөн хэргээр цаазлуулсан байна. АНУ-ын 50 мужийн 23-т нь цаазаар авах ялыг халсан бол Калифорни, Орегон, Пенсильвани зэрэг гурван мужид уг ялыг хэрэгжүүлэхийг түр зогсоогоод байгаа Ерөнхийлөгч Дональд Трамп 2009 онд Техас мужийн Форт Хүүд цэргийн баазад 13 хүнийг буудан хөнөөж, хорь гаруй хүнийг шархдуулсан АНУ-ын армийн сэтгэл зүйч Нидал Хасаны цаазаар авах шийдвэрийг баталсныг Пентагон энэ долоо хоногт зарласан. Арванхоёрдугаар сарын 3-нд товлогдсон Хасаныг буудан хөнөөх ажиллагаа нь 1961 оноос хойш АНУ-ын цэргийн алба хаагчийг цаазаар авсан анхны тохиолдол болох юм. Пентагон бусдад сургамж болгох үүднээс уг ажиллагааны дүрсийг онлайн орчинд шууд дамжуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: Reuters
