Depository of News

Дэлхий нийтийн хөгжлийн хандлага - Сайн сайхан байдлын тухай

newsdepo.com · world

Бидний хүсэл мөрөөдөл, зорилго өөр өөр зүгт чиглэвч гагцхүү сайн сайхан амьдрах гэсэн нэгэн цэгт уулздаг. Эгэл жирийн аав ээж хэн ч бай сайхан амьдрахын төлөө өдөр бүр хичээдэг. Тэгвэл well-being буюу сайн сайхан байдал гэж юу вэ? Аз жаргалтай байх уу? Эрүүл саруул байх уу? Эсвэл элэг бүтэн амьдрах уу? Дуртай ажлаа хийх үү? Чин үнэнийг хэлэхэд эдгээрийн аль нэгийг нь сайн сайхан байдал хэмээн тодорхойлох нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь хүн санхүүгийн хувьд тогтвортой ч байнга стресстэй, ажилдаа амжилттай ч гэр бүлдээ зориулах цаггүй байж болно. Бие махбодын хувьд эрүүл ч ганцаардсан, амьдралаасаа утга учрыг мэдэрдэггүй ч байх боломжтой. Тиймээс сайн сайхан байдал гэдэг бол дан ганц нэг салбарын болоод хувь хүний асуудал огтоос биш. Энэ бол улс орны бодлогын хэмжээнд яригдах, хүнийг олон талаас нь дэмжих, хамгаалах өргөн хүрээний ойлголт юм. Аз жаргалаас илүү өргөн ойлголт Сайн сайхан байдлын тухай ойлголт шинэ зүйл биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) 1948 онд хүчин төгөлдөр болсон дүрэмдээ эрүүл мэндийг зөвхөн өвчин эмгэггүй байх бус, бие махбод, сэтгэл зүй болон нийгмийн сайн сайхан байдлыг хамарсан төлөв хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүний амьдралыг зөвхөн өвчтэй эсэхээр нь дүгнэх боломжгүй гэсэн санаа олон арван жилийн өмнөөс олон улсын эрүүл мэндийн ойлголтын нэг хэсэг болжээ. Харин өнөөдөр well-being буюу сайн сайхан байдал нь эрүүл мэндээс ч өргөн хүрээнд судлагдаж, хэмжигдэж байна. OECD буюу ''Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)” сайн сайхан байдлыг хүмүүсийн амьдралд чухал үр дүнг хамарсан олон хэмжээс бүхий ойлголт гэж үздэг. Үүнд материаллаг нөхцөлөөс гадна амьдралын чанар, хүмүүсийн хоорондын харилцаа болон хүрээлэн буй орчны хүчин зүйлс орно. Тиймээс сайн сайхан байна гэдэг нь зөвхөн аз жаргалтай байхыг хэлэхгүй. Харин амьдралынхаа олон талд хэр сайн нөхцөл, боломжтой байгааг бүхэлд нь харах тухай юм. Дээр дурдсанчлан сайн сайхан байдлыг дан ганц үзүүлэлтээр хэмжих боломжгүй. Тухайлбал, ЭЗХАХБ сайн сайхан байдлыг 11 үндсэн хэмжээсээр авч үздэг. Үүнд орлого ба хөрөнгө, ажил хөдөлмөр эрхлэлт, орон сууц, эрүүл мэнд, мэдлэг ба ур чадвар, хүрээлэн буй орчны чанар, субъектив сайн сайхан байдал, аюулгүй байдал, ажил-амьдралын тэнцвэр, нийгмийн харилцаа, иргэний оролцоо багтдаг. Үүний зэрэгцээ ирээдүйн сайн сайхан байдлыг хадгалахад байгалийн, хүний, эдийн засгийн болон нийгмийн капитал ямар байгааг авч үздэг. Эндээс нэг зүйл тодорхой харагдана. Бидний амьдралын нэг хэсэг нөгөөгөөсөө тусдаа оршдоггүй. Жишээ нь санхүүгийн хүндрэл зөвхөн банкны дансан дахь тоонд нөлөөлөөд зогсохгүй санаа зовнил, стрессийг нэмэгдүүлж болно. Удаан үргэлжилсэн стресс нойр, эрүүл мэнд, ажиллах чадварт нөлөөлж, улмаар гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаанд ч шилжиж болно. Тиймээс сайн сайхан байдал гэдэг нь тус тусдаа олон жижиг асуудлын жагсаалт бус, хоорондоо харилцан нөлөөлдөг нэг цогц систем юм. Улс орны хөгжил зөвхөн эдийн засгийн өсөлт мөн үү? Энэ асуулт дэлхий дахинд сайн сайхан байдлын тухай ярианы төвд ороод уджээ. Дэлхий нийтээр улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр бус, иргэдийн сайн сайхан байдал, амьдралын чанар, сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтээр хамтатган авч үзэх хандлага улам бүр нэмэгдэж байна. Уламжлалт байдлаар улс орны хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) буюу GDP зэрэг эдийн засгийн үзүүлэлтээр хэмжиж ирсэн. ДНБ нь эдийн засгийн үйлдвэрлэлийг хэмжих ч хүмүүсийн амьдрал бүхэлдээ сайжирч байна уу, хэрхэн сайжирч байна вэ гэдгийг дангаараа хэлж чаддаггүйг ЭЗХАХБ онцолдог. Тиймээс нийгмийн ахиц дэвшлийг хэмжихдээ эдийн засгийн үзүүлэлтээс гадна хүмүүсийн амьдралд нэн чухал нийгэм, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг үр дүнг хамтатган харах “Beyond GDP” хандлагыг хөгжүүлж байна. Жишээлбэл, эдийн засаг өсөж болох ч агаарын бохирдол нэмэгдэж, орлогын ялгаа ихсэж, хүмүүс урт цагаар ажиллаж, амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал тэр өсөлт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг дахин харах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт бол зорилгын нэг хэсэг болохоос биш хүний сайн сайхан амьдралын эцсийн хэмжүүр биш юм. Монголд яагаад энэ яриа чухал вэ? НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2024 оны Монголын Хүний хөгжлийн Үндэсний баримт бичигт “Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрүүл мэнд,боловсролын салбар, хүн амын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хүчин чармайлт гаргасны үр дүнд Монгол Улс хүний хөгжилд ахиц дэвшил гаргасан. Гэвч сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр (ХХИ) хэмжигдэх ахиц дэвшил удааширч байна. Тус улсын ХХИ 2018 он хүртэл тогтмол өсөж байсан боловч аажмаар буурч, 2022 он гэхэд 2016 оны түвшиндээ ч хараахан хүрээгүй хэвээр байна” хэмээн тэмдэглэжээ. Мөн эдийн засгийн өсөлт, ажлын байр, орлогоос гадна тэгш бус байдал, хүрээлэн буй орчин орчин буюу бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл хүний хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн боломжид нөлөөлж байгааг онцолжээ. Үүнээс гадна ядуурлын түвшин, ажилгүйдлийн түвшин, хүрээлэн буй орчны доройтол, аз жаргалын индекс гэх мэт үзүүлэлтүүд ямар түвшинд байдгийг, дэлхийд хэддүгээрт эрэмбэлэгддэгийг та бүхэн мэдэх биз ээ. Энэ нь монгол хүний сайн сайхан байдлыг ярьж хэлэлцэх, илүү өргөн хүрээнд ойлгох шаардлагатайг харуулж байна. Тиймээс сайн сайхан байдлын түвшнийг дэлхий нийтийн жишгээр шинжлэх ухаанд тулгуурлан хэмжиж, дүгнэж, сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Ойлгохоос хэмжих, хэмжихээс сайжруулах эхлэл тавигдана Ийм л учраас бүгдийг төр засагтаа найдахаас илүү өөрсдийн боломж нөхцөлд тулгуурлан “Оптимал Эн Макс” ХХК сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа”-г орон даяар зохион байгууллаа. Энэ бол өөрсдийн ямар түвшинд явааг бодитоор хэмжих, нэгдсэн нэг ойлголттой болох, цаашлаад бодлогын түвшинд юуг авч үзэх шаардлагатайг харуулах чухал алхам юм. Гэхдээ зүгээр нэг дүн, тоо мэдээ яриад өнгөрмөөргүй байгаа тул хэмжилтийнхээ үр дүнг олон нийтэд танилцуулаад зогсохгүй олон улсын жишгээс суралцаж, сайн сайхан байдалд нөлөөлөгч хүчин зүйлс, хүн төвтэй бодлого, манлайлал, нийгмийн энтерпрайз болон эерэг нөлөө бүхий бизнесийн гарц, бодлого хөтөлбөрт тусгах боломжит шийдлүүдийг олон талаас нь хамтдаа хэлэлцэн тодорхойлъё хэмээн “Well-Being Mongolia Forum 2026” нэгдсэн арга хэмжээг 10 сарын 13-нд зохион байгуулах гэж байна. Эцэст нь сайн сайхан байдал гэдэг эрүүл, аюулгүй амьдрах боломжтой, хэрэгтэй үедээ дэмжлэг авч чаддаг, бусадтай холбоотой, өсөж хөгжих, хүсэл мөрөөдлөөрөө амьдрах боломж нөхцөл бүхий ойлголт юм. Тиймээс сайн сайхан байдлыг зөвхөн хувь хүнээс эрэх бус нийгэм, хөгжлийн бодлогоосоо эрж хайх, байхгүй бол оновчтойгоор тусгах цаг нэгэнт иржээ.

Read full article →