Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын технологийн аварга компани Яндексийн дата төвийг шатаажээ
Украины нисгэгчгүй онгоцны довтолгооны улмаас Оросын технологийн аварга компани болох Яндексийн Рязань муж дахь дата төвд гал гарч, үйл ажиллагаа нь зогссон тул үйлчилгээнүүдэд нь саатал үүссэн тухай тус компани Пүрэв гарагт мэдэгджээ. Энэхүү халдлага нь 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Оросын мэдээллийн технологийн дэд бүтэц агаарын цохилтод өртсөн анхны батлагдсан тохиолдол болж байна. Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө Оросын зэвсэгт хүчин Украины дата төвүүдэд довтолж байсан билээ. Сасово хот дахь дата төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, онцгой байдлын албаныхан хохирлыг арилгахаар ажиллаж байгааг Яндекс мэдэгдэлдээ дурджээ. Мужийн захирагч Павел Малков нэрийг нь дурдалгүйгээр Сасово хотод нэгэн компанийн барилгын дээвэр шатсан талаар мэдээлсэн байна. Хүний амь нас эрсэдсэн, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүйг тэр баталжээ. NASA-гийн гал түймрийн хяналтын FIRMS систем Пүрэв гарагийн өглөө эрт Сасово хотод гал гарч буйг илрүүлсэн байна. Үйлчилгээний тасалдлыг хянадаг Downdetector платформд "Yandex Cloud", "Yandex Documents", "Yandex Tables" үйлчилгээнүүдэд саатал гарсан тухай хэрэглэгчдээс 1,300 гаруй гомдол ирсэн бол хайлт, такси дуудлага зэрэг хэрэглэгчдийн өргөн ашигладаг үндсэн үйлчилгээнүүд хэвийн ажиллаж байв. Пүрэв гарагийн өглөө Москвагийн хөрөнгийн биржийн арилжааны үеэр Яндекс компанийн хувьцааны ханш 3.4 гаруй хувиар унажээ. Мөн Пүрэв гарагт Башкортостан улсын Салават хот дахь үйлдвэрийн бүсэд Украины дроны хэсэг унасны улмаас гал гарсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Хүний амь нас эрстээгүй, үйлдвэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг эх сурвалж нэмж мэдээлжээ. Харин Украины зэвсэгт хүчин Оросын төв хэсэгт оршдог Башкортостан дахь “Газпром Нефтехим Салават" газрын тос боловсруулах болон нефть-химийн цогцолборт довтолсныг Киевийн эрх баригчид Пүрэв гарагт мэдэгдсэн байна. Пүрэв гарагийн үдээс хойш Украины дронууд баруун Сибирийн Омск муж дахь Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт довтолсон талаар гэрчүүд мэдээлжээ. Омск муж руу Украины дрон довтолсныг тус мужийн захирагч Виталий Хоценко баталсан боловч яг аль байгууламж руу довтолсныг тодорхой дурдаагүй байна. Сасово дахь халдлага нь Оросын зэвсэгт хүчин есдүгээр сарын сүүлээр Киев хот даяар дор хаяж найман томоохон дата төвд цохилт өгч, улмаар Украинд интернэтийн тасалдал үүсгэсний дараа болж байна. Оросын тал эдгээр дата төвүүдийг Украины зэвсэгт хүчинд зориулан тагнуулын мэдээлэл боловсруулдаг байсан гэж үйлдлээ зөвтгөж байжээ. Пүрэв гарагт бас Оросын тал дорнод Украины Краматорск хотод иргэдийн зорчиж явсан автобусыг бөмбөгдсөний улмаас дор хаяж 30 хүн амиа алдсан байна. Краматорскийн хөрш Словянск хот нь Оросын зэвсэгт хүчин эзлэхийг удаан хугацаанд хичээж буй стратегийн чухал байрлал юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Энэ цохилтыг бид зүгээр өнгөрөөхгүй. Орос улс Донбассын бүх амьдралыг устгахыг оролдож байгаа бөгөөд дэлхий нийт үүнд хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Оросуудад учруулсан бүх үхлийнх нь төлөө хүртэх ёстой зүйлийг өгөх хэрэгтэй” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ. Оросын тал энэхүү халдлагынхаа талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. Сүүлийн үед Оросын талаас Украины нутагт өгдөг агаарын цохилтууд улам эрчимжиж, энгийн номхон иргэдийн хохирол улам нэмэгдэж байгаа юм. Эх сурвалж: Reuters
