АНУ-ын цэргийн баазад олон хүний амь хөнөөсөн этгээдийн цаазын ажиллагааны дүрсийг Пентагон онлайнаар шууд дамжуулна
Форт Хүүд цэргийн баазад олон хүний амийг хөнөөсөн Нидал Малик Хасаныг буудан хороох аргаар цаазлах шийдвэр гараад байгаа. Армийн сэтгэл зүйчээр ажилладаг, хошууч цолтой асан тэрбээр 2009 онд зэвсэгт халдлага үйлдэхдээ 13 хүний амийг хөнөөж, 32 хүнийг шархдуулсныхаа төлөө цаазын ял сонссон юм. Хасаны цаазын ялын гүйцэтгэлийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Форт Хүүд цэргийн баазад зохион байгуулах тов гараад байгаа. Пентагоны тэргүүн Пит Хэгсэт тус улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш цэргийн алба хаагчийг буудан хороох аргаар цаазалсан тохиолдол байхгүйг баталсан юм. Хамгийн сүүлд 1961 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын армийн байлдагч Жон Беннетийг дүүжилж байжээ. Тэгвэл Хэгсэт өчигдөр хэвлэлд ярихдаа Хасаны цаазын ажиллагааг олон нийтэд ил зохион байгуулах шийдвэр гарсан тул ажиллагааны дүрсийг онлайн орчинд шууд дамжуулахаар болсныг мэдээлсэн байна. Түүнийг Форт Хүүдэд халдлага үйлдсэн өдөр, цаг, байршилд буюу арванхоёрдугаар сарын 3-ны Пүрэв гарагийн 13:00 цагт цаазлахаар болжээ. “Бид үүнийг хүмүүс үзэх боломжтой, олон нийтэд нээлттэй зохион байгуулах болно. Учир нь хүмүүс ийм төрлийн үйлдлийн үр дагавар ямар ноцтой байдгийг ойлгох хэрэгтэй” гэж Хэгсэт хэлсэн байна. Хасан ямар нэг эцсийн хүсэлт гаргасан эсэхийг асуухад тэр “Надад энэ хамаагүй. Бид түүнийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр харах болно” гэж товчхон хариулжээ. Пентагон шууд дамжуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаазын ажиллагаанаас өмнө нийтэд өгөх гэнэ. Ерөнхийлөгч Трамп өмнө нь Иранд олон нийтийн нүдэн дээр хүмүүсийг цаазаар авдаг арга барилыг шүүмжилж байсан. Тухайлбал тэр Ираны дайн эхлэхээс өмнө Техраны дэглэмийн эсрэг тэмцсэн хүмүүсийг олны өмнө дүүжлэх гэж байгааг, үүнийг нь болиулах арга хэмжээ авч байгаа талаар мэдээлж байсан юм. Хасан 2009 онд гадаадад үүрэг гүйцэтгэх цэргүүд вакцинжуулалтад хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгт орохоор дугаарлан зогссон байранд галт зэвсэгтэй халдаж байжээ. Тэрбээр “Аллах Акбар” (араб хэлээр ‘Бурхан аугаа!’) хэмээн хашхираад лазерын тусгалтай буугаар гал нээсэн юм. Хасан энэ халдлагыг үйлдэхийн тулд хэдэн долоо хоногийн турш бэлдсэн нь сүүлд тодорхой болж байжээ. Тухайлбал Хасан бууныхаа сумыг маш хурдан сольж байсан нь халдлагыг зогсоох боломжгүй шахуу нөхцөл байдлыг үүсгэсэн талаар цэргүүд хожим дурссан байдаг. Шүүх хурал дээр Хасан ах дүү муслимуудыг нь алахаар Афганистан явах гэж байсан цэргүүдийг зогсоохын тулд халдлага үйлдсэнээ хүлээж, өөрийгөө өмгөөлөх ямар ч оролдлого гаргаагүй юм. Эх сурвалж: Reuters
