Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс ₮300 тэрбумыг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат төсвийн үрэлгэн байдлыг шүүмжлэв. Тэрбээр "2027 оны төсвийн өр зээлийн асуудал хэдэн их наяд төгрөгөөр нэмэгдэх вэ. Өрийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсон. Миний мэдэж байгаагаар 2026 онд Засгийн газрын өрийн хэмжээ 40 их наяд төгрөг болсон. 2027 оны төсөв хэрэгжээд дуусахад 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх юм байна гэж ойлгосон. СОР17 бага хурал боллоо. Улсын төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулсан. Саяхан нүүдэлчдийн наадмыг Бишкект зохион байгуулахад 60 сая ам.доллароор 50 мянган хүний стадион барьж байна. Гэтэл СОР17 бага хурлаас хоёр жорлон, хоёр гэр үлдэнэ гэж нийслэлийн хүүхэн ярилаа. Ард түмний татвараас бүрддэг мөнгийг ингэж зарцуулаад үр дүн нь ийм байвал яах юм бэ. Төрийн айлчлалд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг түлхүү оролцуулж байгаач. Энэ байнгын хороо дээр бодлого шийдвэр ярьдаг. Би намар байнгын хорооны хуралдааны үеэр дайнтай байгаа шүү, та нарын ярьдаг цэргийн тусгай ажиллагаа биш. Бензин шатахуунаа олон орноос аваарай гэж хэлэхэд "ганцхан ОХУ-аас авч чадна, хямдхан үнээр авахаар түгжсэн" гэсэн. Одоо хаана байна вэ, худал ярьж байсан байна" гэв. Түүний асуултад холбогдох байгууллагын албан тушаалтнууд дараах байдлаар хариулав. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар С.Тулга: 2026 оны хагас жилийн байдлаар Засгийн газрын нийт өр 36.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.5 хувьтай тэнцэж байна. Оны сүүлээр тэрбум ам.долларын баталгаа болон гадаад зээллэгийн бүх ашиглалт гарвал Засгийн газрын өрийн хэмжээ 45.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 44.5 хувьтай тэнцэнэ. 2027 онд 56.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 49.6 хувьтай тэнцэнэ. 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаагийн дийлэнх хэсэг буюу 6.4 их наяд төгрөг нь 1.6 тэрбум ам.долларын баталгаа гаргах төсөөлөлтэй байгаа. Үүнд нийслэлийн Сэлбэ дэд төвд 500 сая ам.долларыг, 1.1 тэрбум ам.долларын баталгааг эрчим хүчний төслүүдэд зориулж гаргана. Засгийн газрын өрийн хэмжээ гамшгийн хэмжээнд хүрээгүй. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал: 2026 оны төсөв дээр СОР17 бага хурлын барилга байгууламжтай холбоотой 100 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан. УИХ-аас 150 тэрбум төгрөгөөр баталсан, 50 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Тоног төхөөрөмж дээр 67 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Арга хэмжээ дууссан учраас бий болсон өмчүүдийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулаад явж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн үндсэн дэд бүтцийн зам талбай нийслэлийн өмчид бүртгэгдэнэ. СОР17 бага хурлаас бий болсон өмчийн бүртгэлийн асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байгаа. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг: Төрийн айлчлалд явах хүмүүсийн эцсийн жагсаалтыг манай яам эцэслэдэггүй. Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайдын ажлын алба эцэслээд Гадаад харилцааны яам бусад бэлтгэл асуудлыг хариуцдаг. Ирэх оны айлчлалын төсвийн төслийг энэ цаг үед боловсруулж байна. Арванхоёрдугаар сард багтаад Аюулгүй зөвлөлд танилцуулаад эцэслэгдэнэ.
