Depository of News

Жухи Гаутам: Хүүхэд, залуучууд болон нийт иргэдэд аюулгүй хотыг бий болгохын төлөө хамтран ажиллаж байна

newsdepo.com · world

Мопед болон түүнтэй адилтгах үзүүлэлттэй тээврийн хэрэгслээр явган хүний зам, дугуйн зам, авто замаар холилдон зорчих, хурд хэтрүүлэх, хамгаалах хэрэгсэлгүй зорчих тохиолдол түгээмэл болж, осол, гэмтэл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод буй. Үүнийг цэгцлэх, аюулгүй байдлыг хангах нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл хотуудын түншлэлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Энэ тухай Эрүүл хотуудын түншлэлийн Ахлах менежер Жухи Гаутам “Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд замын аюулгүй байдлын хууль тогтоомж болон дэд бүтцийг хөгжүүлэх, олон нийтийн дадал, хандлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдэд ээлтэй, аюулгүй, эрүүл хотыг бий болгохын төлөө Улаанбаатар хоттой хамтран ажиллаж байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Эрүүл хотуудын түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг бэхжүүлэн, иргэдэд аюулгүй, хүүхэд, залуучуудад ээлтэй хотын орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Эрүүл хотуудын түншлэл (Partnership for Healthy Cities) нь халдварт бус өвчин болон гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 70 гаруй хотыг нэгтгэсэн байгууллага юм. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Read full article →