Нислэгийн цаг уурын автомат ажиглалтын системийг ашиглалтад оруулав
Цаг уур, орчны шинжилгээний газар Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ болон БНСУ-ын Цаг уурын байгууллагатай хамтран Монгол Улсын нислэгийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, орчин үеийн түвшинд хүргэх техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 250 мянган ам.долларын өртөг бүхий цаг уурын автомат ажиглалтын нөөц системийг суурилуулах ажил 2026 оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 2-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлын хөөрч буух зурваст ашиглалтад орлоо. ДЦУБ-аас зарласан сонгон шалгаруулалтад Campbell Scientific Limited компани шалгарч, хөөрч буух зурвасын R11, R29 талд иж бүрдлийг суурилуулсан ба эдгээрээс салхины зүг, хурдны ультрасоник мэдрүүр, алсын барааны харагдац, RVR, цаг агаарын үзэгдэл тодорхойлогч (гэрлийн мэдрүүр болон агаарын температур бусад мэдрүүртэй хосолж цаг агаарын үзэгдлийг тодорхойлдог), GPS-цаг тохируулагч зэрэг нь манай улсын цаг уурын улсын сүлжээнд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүд юм. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар
