МУГТ Л.Энхрийлэн Нагояд амласандаа хүрч дэлхийн дэвжээнээс гурав дахь ХҮРЭЛ медалиа хүртлээ
Хэдхэн хоногийн өмнө Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн Азербайжаны Баку хотноо болсон жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хүрэл медаль хүртлээ. Нагояд түрүүлэх зорилготой ирсэн ч хагас шигшээд Хойд Солонгосын Ким Жи Хед дийлдсэн юм. Улмаар хүрлийн төлөө Өмнөд Солонгосын Ким Жи Сүг ялсан юм. Медалиа гардаж авсныхаа дараах хэвлэлийн бага хуралд гавьяат тамирчин бүсгүй тивийн олимпод алтан медалиас өөр бодолгүй ирснээ тодотгоод өөрийн гаргасан алдаанаасаа болж медалийн өнгөө өөрчилж чадаагүйгээ илэрхийлсэн. Мөн энэ алдаагаа удахгүй эхлэх ДАШТ-д залруулахаа амласан билээ. Нийт 93 орны 622 жүдоч өрсөлдөж буй ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хамгийн олон буюу 48 тамирчин бүртгүүлсэн юм. Чансааны дарааллаар "С" хэсгээ тэргүүлсэн Л.Энхрийлэн эхний тойрогт хийлээд Испанийн Санчес Бенитес Арьелаг, дараагийн даваанд Косовогийн Лаура Фазлиуг ялсан. Харин хэсгийн аваргын төлөө Израилийн Керем Примод дийлдэв. Дагах тойрогт ээж болоод хэсэг их спортоосоо завсарлаад эргэн ирсэн Францын алдарт аварга Кларисс Агбегненоуг юүко үнэлгээгээр илүүрхсэн юм. Хүрлийн төлөөх хариуцлагатай барилдаанд Нидерландын Жоанне Ван Лешоутыг мөн юүко үнэлгээгээр давснаар дэлхийн дэвжээнээс гурав дахь медалиа хүртлээ. Ингэснээр Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав болон түүнээс олон медаль хүртсэн гурав дахь монгол жүдоч болж байна. Энэ жагсаалтыг Мөнхбатын Уранцэцэг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэргүүлдэг бол Доржсүрэнгийн Сумъяа нэг алт, хоёр хүрэл медальтай удаалдаг. Хөдөлмөрийн баатруудын ард Л.Энхрийлэн жагсах боллоо. Сонирхуулахад манай улсаас дэлхийн дэвжээнээс хошой болон түүнээс олон медаль зүүсэн зургаан тамирчин бий. Дээр нэр дурдагдсан гурван тамирчнаас гадна Хашбаатарын Цагаанбаатар, Ганбатын Болдбаатар, Ёндонпэрэнлэйн Басхүү нар дэлхийн хошой медальтан юм. Бакуд үргэлжилж байгаа ДАШТ-ээс одоогийн байдлаар 15 улс ямар нэгэн медаль хүртжээ. Тодруулбал япончууд зургаан алт, хоёр хүрлээр тэргүүлж байгаа бол Азербайжан нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, Гүрж нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалиар эхний гуравт жагсаж байна. Харин Л.Энхрийлэнгийн медалийн ачаар Монголын шигшээ баг 13-т бичигдэж эхэллээ.
