Д.Оюунсүрэн: Монгол хүний хоёр үгний нэг нь хараал болжээ
"Сэтгэцийн эрүүл мэнд-2026" олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Оюунсүрэн ярилцсанаа хүргэж байна. Орчин цагийн завгүй амьдралын хэмнэлээс үүдэн томчууд хүүхдүүдтэйгээ үгээр харилцах харилцаа маш хомс болсныг тэрбээр хэлж байлаа. Нөгөө талаар хүүхдээ загнаж хүмүүжүүлэх нь зөв, буруу гэх талцал нийгэмд өрнөдөг. Тэгвэл хүүхэд хүмүүжүүлэхдээ томчуудын гаргадаг зарим алдаа дутагдал ба анхаарах асуудлын талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Д. Оюунсүрэн дараах зөвлөгөөг өгч байна. "Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ үгээр харилцах хугацаа нь хомс байна" Шөнө орой ээлжийн ажлаасаа ядарч ирээд хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй байна. Өглөө сэрээгүй байхад нь бараг ажилдаа яваад орой унтсан хойно ирж байна. Энэ хооронд нөгөө хүүхэд чинь зөв, бурууг ойлгож чадахгүй. Хаа хаанаа хариуцлагатай, хаа хаанаа анхаарах ёстой. Хэзээ ч мартаж болохгүй зүйл нь “Би яг анх удаа ээж болж, хүүхдээ хүмүүжүүлж байгаа”, "Би анх удаа 40, 50 насандаа ирж байгаа" гэдэгтэй адил таны хүүхдэд ч бүх зүйлс анх удаагийнх. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ багаас нь сайн ярилцъя. Ярилцах цаг гэдэг нь заавал "за чи наашаа суу" гэхээс илүүтэй хоол хийнгээ ярилц л даа. Энэ ярианы дунд хүүхдүүд юу нь зөв буруу, ээж аав надад санаа тавьж байна уу, үгүй юу гэдгээ ойлгож авна. Түүнээс биш хүүхдэдээ цаг гарга гэхээр аманд нь амттан хийгээд заавал хэлснийх нь зоргоор мөнгө өгөөд хувцас авч өгснийгөө хайрлаж, халамжилж, хүмүүжүүлсэн гэж хэлж болохгүй. "Өмнө нь олон хүүхэдтэй айлд ах, эгч нар нь дүү нараа хүмүүжүүлдэг байлаа" -Хуучин цагт хүүхдээ загнаж хүмүүжүүлж болоод л байсан. Харин одоогийн хүүхдүүд үг сонсохоо больчихсон гэж зарим хүн шүүмжлэлттэй ханддаг. Үүнийг та мэргэжлийн өнцгөөс яаж хардаг вэ? -Хувь хүнд шууд бурууг өгөхөөс илүү нийгмийн амьдралд орчин цагийн хэмнэл нь өөрөө өглөө гараад л орой ирдэг болсон. Тэр ард хүүхэд л үлдэж байгаа. Өмнө нь багадаа л гурав түүнээс дээш олон хүүхэдтэй айлууд их байсан бол одоо ганцхан хүүхэдтэй айлууд илүү болсон байна. Эцэг, эх байхгүй үед тэр хүүхэд юу хийж, хаана цагийг өнгөрөөх вэ? Магадгүй дөрвөн хананы дунд гэртээ ганцаархнаа байгаа. Нийгмийн ерөнхий хөгжлийн концепц чинь өөрчлөгдөөд байна. Өмнө нь олон хүүхэдтэй байхад ах, эгч нар нь дүү нараа хүмүүжүүлдэг байлаа. Харин одоогийн хүүхдүүд ихэнх нь ганцаараа. Тэр дунд хүүхдүүдийн жижиг зөрчлүүд байсан ч болох, болохгүй, зөв, бурууг ах эгч нар тунгаан ойлгуулдаг байсан. Одоо ганцаархнаа өсөж байгаа хүүхдүүд үеийнхнээсээ үлгэрлэж байна. Эерэг, сөрөг чанарын аль нь болохыг тунгаах боломж өгөхгүй томчуудын үг шууд орж ирж байна. Хүн том уу, балчир уу гэдгээс үл хамааран нийгмийн тодорхой харилцаанд хүн гэдэг үүднээсээ оролцож байдаг. Би бага насны хүүхэдтэй харилцаж байгаа гэдгээ умартаад хүнийхээ хувьд хэлсэн үг нь хүүхдэд очиж боловсрогдож амжихгүй байна. "Хүүхдийн хэлд орох анхны үг хараал байх ёсгүй" Дээр нь нийгмийн сүлжээ, интернэт, хэвлэл мэдээллээр ирж байгаа шүүлтүүргүй олон мэдээллийн урсгал тэдэнд маш хүчтэй нөлөөлж байгаа. Хүүхдийн тархи тэдгээрийн хурдыг гүйцэж, боловсруулж чадахгүй байна. Үг гэдэгт шүүмжлэлтэй ханддаг зүйл нь монгол хүний хоёр үгний нэг нь хараал болчхож. Бараг хэвийн юм шиг ярьж байна. Хүүхдүүддээ сонсгож буй дуугаа хар. Томчуудын энэ хэрэглээг төлөвшөөгүй залуу оюун ухаанд хэвийн зүйл мэт ойлгогдоно. Анхны хэлд орж буй үг нь хүртэл хараалын үг байхад тэрийг өөхшүүлж байгаа эцэг, эхтэй ч таарч байсан. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байхад хэлд орж байгаа хүүхэд "п..." уншаад байхад алга ташиж байхыг хараад гайхсан. Таны хүүхэд тун удахгүй энэ үгээ цэвэр тод хэлдэг болоод ирвэл "та алга таших уу" гэж ээжээс нь асууж л байсан. Өнөөдөр бидний хүүхдүүд хэлд орохдоо хүртэл хамгийн эхний авиа нь юу байгааг бодох ёстой. Түүхийн аль ч үндэстний соёлд "ээжээ", "ааваа" гэдэг үг эхний үг байсан бол орчин үед хүүхдүүд юу хэлж байгаа вэ гэдгийг бодох ёстой.
