Дональд Трамп: Ким Жон Ун “нэлээд их” цөмийн зэвсэгтэй, гэхдээ намайг байгаа цагт тэр аюул учруулахгүй
Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг "миний найз" гэж нэрлээд түүнийг "нэлээд их" цөмийн зэвсгийн нөөцтэй ч өөрийг нь хүндэлдэг тул “аюул учруулахгүй" гэж бодож байгаагаа илэрхийлжээ. Трамп хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагуудтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр ийнхүү ярьсан байна. Нэг сэтгүүлч түүнээс "Иран улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэж та хэлдэг атлаа яагаад Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй байж болно гэж үзэж байна вэ?" хэмээн асуусан юм. “Тэр (Ким) цөмийн зэвсгийн чадавхтай, том, нэлээд том цөмийн чадавхтай, биднийх шиг биш ч гэлээ ямартай ч цөмийн зэвсгийн нэлээд их чадавхтай" гэж Трамп хариулжээ. Гэхдээ “Намайг байгаа цагт тэр аюул учруулахгүй. Яагаад гэдгийг мэдэх үү? Тэр намайг хүндэлдэг, надад дуртай учраас” гэж тэр тайлбарласан байна. Трамп мөн АНУ-ын өмнөх засаг захиргаанууд Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож чадаагүйг шүүмжилсэн юм. "Яагаад гэдгийг мэдэх үү? Учир нь тэр үед одоо миний хийсэн шиг зүйлийг хийж чадахааргүй ерөнхийлөгч нар байсан... Үүнийг зогсоох боломжтой байсан шүү дээ. Та нар үүнийг мэднэ. Гэвч тэр үед Трамп шиг биш ерөнхийлөгч нар байсан учраас тэд үүнийг зогсоогоогүй” гэж тэр хэлжээ. Ерөнхийлөгч мөн Умард Солонгосын удирдагчтай тогтоосон найрсаг харилцаагаа энэ үеэр онцолсон байна. "Тэр бол миний найз. Тэр Трампад дуртай. (Тэр) бусад олон хүнд дургүй. Дэлхий дээр түүний таашаалд нийцсэн цорын ганц хүн бол би, би ч бас түүнд дуртай. Ингэж хэлэхээр намайг их шүүмжилдэг. Хүмүүс үүнийг маш муу зүйл гэж ярьдаг” гэж Трамп хэлжээ. Умард Солонгосын удирдагчтай Трамп энэ онд багтаан уулзах хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлээд байгаа. Тэрбээр Ази тивд хийх дараагийн айлчлалынхаа үеэр, магадгүй арваннэгдүгээр сард Хятадын Шэнжэн хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр Кимтэй дахин уулзаж магадгүй гэсэн таамаг яригдаж байна. Трамп өөрийн эхний бүрэн эрхийн хугацаанд Кимтэй гурван удаа биечлэн уулзсаны анхных нь 2018 оны зургаадугаар сард Сингапурт, хоёр дахь нь 2019 оны хоёрдугаар сард Ханойд, харин гурав дахь нь хоёр Солонгос хилийн Панмунжом тосгонд болж байжээ. Эх сурвалж: Yonhap News
