Depository of News

Йемений босогчдын түрэлтийг зогсоохын тулд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд эвлэрэх хэрэгтэй болжээ

newsdepo.com · world

Йемений Хусит босогчдын давшилтыг зогсоохын тулд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) улсуудад хоорондоо эвлэрэхийг бүс нутгийн удирдагчид уриалжээ. Хоёр улс өмнө нь Хуситуудын эсрэг тэмцлийг хамтран дэмжиж байсан ч энэ оны нэгдүгээр сард хагарал үүссэний улмаас харилцаа муудсан юм. Тухайн үед АНЭУ-ын дэмждэг Йемений өмнөд хэсгийг салан тусгаарлах зорилготой “Өмнөдийн Шилжилтийн Зөвлөл”-ийн зэвсэгт хүчийг Саудын Арабын арми бут ниргэж байв. Үүний улмаас Йемен дэх оролцоогоо АНЭУ зогсоож байжээ. Эвслийн энэ хагарал Ираны талыг баримтлагч Хуситуудад боломж олгож, есдүгээр сарын дундуур Йемений албан ёсны засгийн газрын хүчний эсрэг гэнэтийн амжилттай довтолгоо явуулснаар Улаан тэнгисийн чухал гарц Баб эль-Мандебын хоолойд хяналтаа тогтоосон юм. Тэгвэл хоёр улсыг эвлэрүүлж, Хуситуудын эсрэг тэмцэлд нэгтгэх дипломат хүчин чармайлтын хүрээнд Ням гарагт Абу-Даби хотод бүс нутгийн төлөөлөгчид чуулжээ. Уг уулзалтад Израилийн ерөнхий сайд Бенжанин Нетаньяху, АНЭУ-ын ерөнхийлөгч Шэйх Мохаммед бин Зайед аль Нахайян болон Саудын Араб, бүс нутгийн бусад орнуудын төлөөлөгчид оролцсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Нетаньяху энэ үеэр Хуситуудыг ялахад нь туслах саналыг Саудын Арабын талд тавьжээ. Саудын Арабын эрх баригчид өмнө нь Йемений асуудалд АНУ-аас тусламж хүссэн ч нааштай хариу сонсож чадаагүй юм. Гэсэн хэдий ч Йемений босогчдын эсрэг тэмцэлд Израилийн тусламжийг авах нь Саудын хаант улсын хувьд байж боломгүй зүйл гэж ажиглагчид үзэж байна. Өчигдөр буюу Мягмар гарагт Рияд хотод Саудын Арабын батлан хамгаалахын сайд, хунтайж Халид бин Салман аль Сауд болон АНЭУ-ын дэд ерөнхийлөгч Шэйх Мансур бин Зайед аль Нахайян нарын хооронд Йемений асуудлаар бас нэг уулзалт болжээ. Ираны дайны улмаас Персийн булангийн чухал гарц болох Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор Саудын Араб улс газрын тосны экспортоо хоолойгоор дамжуулан Улаан тэнгисийн боомт руугаа шилжүүлсэн юм. Гэвч энэ тэнгисээс гарах хоёрхон гарц байдгийн нэг болох Баб эль Мандебын хоолой Хуситуудын хяналтад шилжсэн нь тус улсыг маш хүнд байдалд оруулаад байгаа. Саудын Арабын зэвсэгт хүчин Хуситуудын довтолгоог зогсоохын тулд тэдний Йемен дэх байрлалуудад агаараас довтолсон ч хариу цохилтод өртөж, Улаан тэнгис рүү газрын тос дамжуулдаг гол хоолойгоо зогсооход хүрсэн юм. “Саудын Араб болон АНЭУ хоорондын хагарал, зөрчлийг арилгах оролдлого явагдаж байгаа бөгөөд итгэлцлийг бэхжүүлэх зарим арга хэмжээ авагдаж магадгүй байна. Гэхдээ АНЭУ одоо Йеменээс гарсан, тэд Өмнөд Шилжилтийн Зөвлөлийг дэмждэг тул Саудын Арабтай эвлэрэх магадлал бага байна. Нэг үгээр хэлбэл Саудын Араб, АНЭУ хоёр үндсэндээ эсрэг талд зогсож байна” гэж “RUSI” судалгааны төвийн Персийн булан, Йемений асуудал хариуцсан шинжээч Бараа Шибан хэлжээ. Саудын Арабын хүчинд бут цохиулсны дараа Өмнөд Шилжилтийн Зөвлөлийн удирдагч Айдарус аз-Зубайди гадаадад дүрвэн гарсан бөгөөд уг хөдөлгөөн одоо улс төрийн хувьд нөлөө багатай болоод байгаа. Саудын Арабын эрх баригчид салан тусгаарлах хөдөлгөөний эсрэг дайсагнасан байр суурь баримталсаар ирсэн нь НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн Йемений албан ёсны засгийн газрыг сулруулж, өөрийнхөө өмнөд хил дээр Хуситуудыг бэхжүүлэхээс болгоомжилсон хэрэг байв. Гэвч Хуситуудын эсрэг тэмцэлд нь бүс нутгийн хүчирхэг улс АНЭУ-ын дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй байгаа. Йеменээс АНЭУ гарсны дараа Хуситуудын эсрэг тэмцэл эрс суларсан юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр өнгөрсөн оны наймдугаар сарын 6-наас энэ оны есдүгээр сарын 26 хүртэл хугацаанд Йеменд үүссэн хурцадмал байдлын улмаас 838 хүн алагдаж, 3,643 хүн шархаджээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Йемений газар нутгийн нэлээд хэсгийг хянаж буй Хуситууд өөрийн хойд хөрш Саудын Арабыг колоничлогч гүрэн гэж үздэг бөгөөд Аден хотод төвлөрсөн Йемений албан ёсны засгийн газрыг улс орноо бие даан удирдах чадваргүй, Саудын эздийн бүтээл гэж үздэг юм. Эх сурвалж: The Guardian

Read full article →