Испанид албадан нүүлгэлтийг хориглосноор иргэдийг тэмцэлд босгосон 87 настай эмэгтэй түрээсийн байрандаа буцаж оров
Испанийн эвслийн засгийн газар тус улсын орон сууцны хямралыг шийдвэрлэх зорилгын хүрээнд 2030 он хүртэл түрээсийн байрнаас иргэдийг албадан нүүлгэхийг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн долоо хоногт орон гэрээсээ албадан нүүлгэгдсэний улмаас иргэдийн дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн 87 настай эмэгтэй гэртээ буцаж орох саналыг хүлээн авсантай давхцаж байна. Өнгөрсөн Лхагва гарагт түрээсийн төлбөрөө дийлэхгүй болсон Марикармен Абаскал хэмээх энэ эмэгтэйг олон жил амьдарсан орон сууцнаас нь дамнуургаар зөөвөрлөн гаргасныг эсэргүүцсэн олон зуун хүн Мадрид хотын гудамжинд жагссан бөгөөд өчигдөр буюу Мягмар гарагт тэд хотын төв талбайнуудын нэгэнд цугларсан хэвээр байв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тэд түрээсийн төлбөрийг царцаах, төлбөрийг нь огцом нэмэхгүйгээр түрээсийн гэрээг автоматаар сунгах зэрэг хууль эрх зүйн шинэчлэл хийхийг шаардаж байна. Эрүүл мэндийн сайд Моника Гарсиагийн мэдэгдсэнээр эрх баригч Социалист нам болон эвслийн түнш "Сумар" нам Мягмар гарагт шинэ арга хэмжээнүүдийн багц дээр тохиролцжээ. Үүнд түрээсийн гэрээнүүдийг 2028 он хүртэл сунгах, орон сууцны зах зээл дээрх "тас шувууны сан" (vulture funds) гэгддэг түрэмгий хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг хориглох зэрэг арга хэмжээ багтаж байна. Гэвч цөөнхийн засгийн газар хуваагдмал бүтэцтэй парламентаас дэмжлэг авахын тулд хүндхэн сорилттой тулгарч байна. Засгийн газар "тас шувууны сан"-гийн тодорхойлолтод зөвхөн томоохон хувийн хөрөнгө оруулалтын сангаар хязгаарлахгүйгээр, харин ашиг хонжоо хайх зорилгоор орон сууц худалдан авдаг аливаа сан эсвэл компанид хамааруулан өргөжүүлэхээр зорьж байгааг орон сууцжуулалтын сайд Изабел Родригес хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр Абаскалыг албадан нүүлгэсэн жижиг компани болох "Urbagestion"-ийг энэ ангилалд багтаж болзошгүй компанийн жишээ болгон дурджээ. "Urbagestion" компани тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. Тус компани Абаскалын сүүлийн 40 орчим жил амьдарч буй байрыг худалдаж авсныхаа дараа түрээсийн төлбөрөө огцом нэмсэн юм. Засгийн газар эдгээр арга хэмжээг хоёр тусдаа тогтоол болгон хувааж, Баасан гарагт парламентаар хэлэлцүүлэн санал хураахаар төлөвлөж байгаа бөгөөд ихэнх арга хэмжээ нь эхний тогтоолд багтах аж. Гэрээг автоматаар сунгах асуудал буюу "санал нэгдэхэд хамгийн хүндрэлтэй асуудал" нь хоёр дахь тогтоолд тусгагдсан гэж нийгмийн асуудал эрхэлсэн сайд Пабло Бустиндуй хэвлэлийн хурлын үеэр хэллээ. "Олон сая евро эргэлдүүлдэг хөрөнгө оруулалтын сан, тэр дундаа түрэмгий үйл ажиллагаа явуулдаг сангийн (vulture fund) мэдэлд байдаг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой албадан нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоох шаардлагатай гэдэг дээр бид бүгд санал нэгдсэн" гэж "Junts" намын парламентын бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Мириам Ногерас RTVE телевизэд ярьжээ. "Орон сууц, ресторан эсвэл үл хөдлөх хөрөнгөд өөрсдийн хуримтлалаа оруулсан хүмүүсийг дээрх төрлийн сангуудтай нэг ангилалд багтааж, адилхан авч үзэх нь алдаа юм" гэж тэрбээр нэмж хэлэв. Мадрид хотын түрээслэгчдийн холбоо засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг хоёр тусдаа тогтоол болгон хуваасан шийдвэрийг шүүмжилж, Мадрид болон Испани даяар өрнөж буй эсэргүүцлийн ажиллагаа, суултууд нь тэдний тавьсан шаардлага бүрэн биелэх хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид нэмэлт жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Иргэн Абаскалын өмгөөлөгч Мягмар гарагт түүний орон сууцыг эзэмшдэг "Urbagestion" сан тохиролцох санал тавьсныг мэдээлсэн байна. Энэхүү тохиролцооны дагуу тэрбээр ирэх найман жилийн хугацаанд тэтгэврийнхээ 30 хувийг (сард ойролцоогоор 500 евро буюу $569) төлөх нөхцөлөөр гэртээ буцаж орох боломжтой болох гэнэ. Ингэснээр тэрээр албадан нүүлгэгдэхээсээ өмнөх үетэй ижил хэмжээний түрээсийн төлбөр төлөх ажээ. Эх сурвалж: Reuters
