Ураны салбарын ирээдүйг бэлтгэх “Бадрах Энержи Академи”-ийн анхны төгсөгчид
Мэргэжлээрээ ажиллах мөрөөдөлд хөтөлсөн “Бадрах Энержи Академи” Долдугаар ангид сурч байхдаа Эрдэнэт хотод очиж, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-тэй танилцсан сурагч Ц.Төгсхүслэн Монголын хамгийн том уурхайг үзсэндээ бахархсангүй. Харин түүний сэтгэлийг үйлдвэрлэлээс хаягдал болон гарч буй асар их хэмжээний хүдэр эмзэглүүлжээ. Хүрээлэн буй орчинд хортойгоос гадна асар их хэмжээний нөөц баялаг хаягдал хүдэрт түгжигдэж байгааг мэдээд тухайн хаягдал хүдрийг боловсруулах судалгаа, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг сонирхон судалж эхэлсний зэрэгцээ химид илүү татагдсан аж. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлаас эхлэлтэй энэ түүх өдгөө Монгол Улс, Франц улстай хамтран анх удаа хэрэгжүүлэх гэж буй уран олборлох төсөлтэй холбожээ. Энэ хооронд Ц.Төгсхүслэн химийн улсын болон олон улсын олимпиадуудад амжилттай оролцсоор, дунд сургуулиа төгсөн МУИС-ийн Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрийг амжилттай, бүр “Шилдэг төгсөгч” гэсэн өргөмжлөлтэйгөөр дүүргэв. Байгаль орчны инженерчлэл, микробиологи, металлургийн хими, биотехнологи гэх мэт хэрэглээний чиг хандлагатай сэдвүүдийг хамарсан судалгааг хөтөлбөрийн хүрээнд хийхдээ “Металл агуулсан хаягдал боловсруулах судалгаа”, “Био-уусгах үйл явц дахь бактериудын нөхцөл” гэсэн өгүүллүүдээ мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж амжжээ. “Дэлхийн генийн санд өөрийн нэрээр хоёр шинэ бактерийн омог бүртгүүлсэн нь шинжлэх ухаанд оруулж буй бодит хувь нэмэр юм” хэмээн МУИС-ийн вэбсайт дахь мэдээнд онцолсон байна. Ц.Төгсхүслэн Харин түүний дараагийн алхам нь Монгол дахь анхны уран олборлох Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компаниас зарласан “Бадрах Энержи Академи” хэмээх хагас жилийн хөтөлбөр байв. 70 орчим оюутан, их, дээд сургууль төгсөгчдийн хүсэлтээс 11 оролцогчийг шалгаруулсан уг хөтөлбөрт тэнцсэн залуусын нэг нь Ц.Төгсхүслэн байлаа. Яг түүн шиг дунд сургуульд байхаасаа л хими, физикийн хичээлдээ дурлаж, тэр бүр хүүхдүүдийн сонгоод байдаггүй нарийн мэргэжлээр сурсан найман залуу “Бадрах Энержи Академи”-ийн шилдэг оролцогчоор шалгаран, есдүгээр сарын 21-ний өдөр сертификатаа гардан авлаа. Одоо тэд уран олборлох төсөлд гар бие оролцож, ажиллаж, хувь нэмрээ оруулах юм. Уул уурхайн салбарын нарийн мэргэжлийн туршлагатай боловсон хүчнүүд, ялангуяа ураны салбарын мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд бэлэн байх нь ховор. Тиймээс цаашид дор хаяж 30 жил үйл ажиллагаа явуулж, 15-20 жил нөхөн сэргээлт хийн, хяналтаа хэрэгжүүлэх "Зөөвч-Овоо" төслийн хувьд ирээдүйн чадварлаг мэргэжилтэн, инженер, удирдлагуудаа эртнээс бэлтгэж авахаар ийнхүү "Бадрах Энержи Академи" хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн гол онцлог нь дөнгөж төгссөн нарийн мэргэжлийн оюутнуудыг шалгаруулж зургаан сарын хугацаанд төслийн таван өөр хэлтэст ээлжээр ажиллах буюу дагалдан хийлгэх маягаар хоёр талаасаа туршиж, таньж мэдэх боломжийг олгоход оршиж байгаа аж. Ийнхүү ажлын байраар хангагдах боломжтой болсон шилдэг найман оролцогчоос хоёр нь Франц улсад дадлагажих, мэргэжлээ ахиулах боломжтой болсон бол зургаа нь “Зөөвч-Овоо” ураны төсөл дээр ажиллахаар болжээ. “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Корали Прин тэдэнд баяр хүргээд “Та бүхэн бидний бүтээж, бусдад таниулахыг хүсэж буй компанийн дүр төрхийг бүрдүүлэх хүмүүс юм. Тиймээс та бүхэн шиг эрч хүчтэй, ирээдүйтэй залуус манай багт нэгдэж байгаа нь бидний хувьд онцгой ач холбогдолтой. Өнөөдөр бид хөтөлбөрийн эхний үе шатыг амжилттай дуусгасандаа баяртай байна. Харин үүнээс ч илүү чухал нь та бүхэн манай багийн нэг хэсэг болж, бидэнтэй хамтран ажил, амьдралынхаа шинэ үе шатаа эхлүүлж байгаа явдал юм” хэмээн онцолсон. Анхны төгсөгчдийн хувьд суралцаж, хөгжих, мөн шинэ салбарт өөрсдийгөө сорих хүсэл эрмэлзэл нь өндөр сэтгэгдэл төрүүлж, ажлын өндөр гүйцэтгэл, аливааг оновчтой шийдвэрлэх чадвар, шинэ зүйл сурах нээлттэй байдлаа харуулсан учраас хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа “Бадрах Энержи” компанийн Сонгон шалгаруулалтын мэргэжилтэн M.Нарандэлгэр хэлэв. С.Лхагважав “Бадрах Энержи Академи” хөтөлбөрийн хүрээнд Франц улсад магистраар сурч, “Орано” группийн аль нэг компанид дадлага хийх боломжтой болсон оролцогч С.Лхагважавын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр Монгол, Японы Засгийн газрын хамтарсан 1000 инженер хөтөлбөрт хамрагдан ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, Японы Киото технологийн институтэд тус тус хоёр жил сураад 2024 онд төгсөж, механик инженер мэргэжил эзэмшжээ. Анх хөтөлбөрт тэнцээд “Зөөвч-Овоо” төслийг нэлээд нүсрээр төсөөлж байж. Харин газар дээр нь очоод үзэхэд том тоног төхөөрөмж, машин, том том нүх байгаагүй нь сонирхолтой санагдсан тухайгаа ярив. Тэрбээр “Францад уул уурхайн менежментийн чиглэлээр их сургуульд хичээл үзэхээс гадна “Орано” группийн аль нэг компанид сонгож дадлага хийнэ. Ирээд “Бадрах Энержи” компанид ажиллана” хэмээн тус хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа ураны салбарын эксперт болно гэсэн зорилгыг өөртөө тавьжээ. Б.Уярам Харин оролцогч Б.Уярам, Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь “Зөөвч-Овоо” төслийн талбайд шууд ажиллаж эхэлнэ. Тэрбээр Цацраг хамгааллын ажилтнаар ажиллах бөгөөд энэ нь түүний “Мэргэжлээрээ ажиллах юмсан” гэсэн хүслийнх нь биелэл ажээ. Б.Уярам бас л багаасаа хими, физикийн хичээлдээ илүү дуртай байжээ. Ингээд физикийг илүү гүнзгийрүүлэн сурах боломжтой мэргэжил нь Цөмийн физик юм байна гэж үзээд МУИС-ийн Цөмийн инженерчлэлийн ангид элсэн орж байж. Их сургуулиа төгсөөд өөр ажил хийж байхдаа тэрбээр “Бадрах Энержи Академи” хөтөлбөрийн зарыг хараад мэргэжлээрээ ажиллахыг хүсэж байсан хүсэлдээ хөтлөгдөн элсэлтэд бүртгүүлжээ. “Онолын мэдлэгтэй, үйлдвэрлэл, практикт ажиллаж үзээгүй, “Бадрах Энержи” компанийн талаар фэйсбүүк, сайтын мэдээ л энд тэндээс харж байсан надад яг газар дээр нь очиж үзээд, үйлдвэрлэлийн процесс, аюулгүй ажиллагаа, уран олборлох үйл үе шатыг хараад үнэхээр сонирхолтой байсан. Төгссөн мэргэжлээрээ ажиллахаар болсондоо баяртай байгаа” хэмээн тэрбээр ярилаа. Ирээдүйн чадварлаг хүний нөөцөө бүрдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн хэмээн үзсэн тул ирэх жил мөн үргэлжлүүлэхээр болсныг Хүний нөөцийн захирал Ануар Каден хэлээд “Инженерчлэлийн хөтөлбөрийн залуу мэргэжилтнүүд, төгсөх курсын оюутнууд болон шинээр төгсөгчид, ялангуяа техникийн чиглэлээр суралцсан хүмүүс манай “Бадрах Энержи Академи” хөтөлбөрт хамрагдах боломжтой” гэв. Эцсийн дүндээ энэ хөтөлбөр оролцогчдод өөрсдөө эргэцүүлэн бодож, шийдвэр гарган, аль чиглэлд ажиллахаа сонгох боломж олгодог бол нөгөө талд компанийн хувьд ч шилдэг оролцогчдоос ажилтан сонгон авах сайхан боломж болдгийг нэмж онцолсон юм. Ц.Төгсхүслэнгийн хувьд ч энэ олгосон боломжийг бүрэн ашиглажээ. Тэрбээр Зөөвч-Овоо төсөлд Химийн инженерээр ажиллана.
