АНУ-ын цэргийн хүч 20 гаруй жилийн дараа Иракаас бүрэн гарч дууслаа
АНУ-ын цэргийн үлдсэн хүч өнөөдөр буюу Лхагва гарагт Ирак дахь сүүлчийн баазуудаа орхин явахаар болжээ. Хорь гаруй жил үргэлжилсэн дайны явцад энэ улсад 4,500 орчим америк цэрэг амиа алдсан юм. АНУ-ын сүүлчийн цэрэг Иракаас гарч байгаа энэ үйл явдлыг тус улсад улам их нөлөөтэй болсон Иран улс ялалтын баяр болгон тэмдэглэж байна. 2024 онд Байдены засаг захиргааны үед шийдэгдэж, Трампын засаг захиргааны үед хэрэгжиж буй энэ арга хэмжээ Ираны дэглэм болон түүний холбоотнуудад Иракт чөлөөтэй ажиллах боломж олгож, бас Исламын Улс зэрэг террорист байгууллагууд дахин сэргэх нөхцөл болж магадгүй юм. “Эвслийн цэргүүд гарч явах нь Ираны хувьд стратегийн ач холбогдолтой бөгөөд ашигтай алхам юм. Учир нь энэ үйл явдал Техраны нөлөөг Иракт хязгаарлах сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан цэргийн хүчийг зайлуулж буй хэрэг” гэж Ирантай холбоотой зэвсэгт бүлэглэлүүдийг судалдаг, Иракийн аюулгүй байдлын шинжээч Жасим аль-Бахадли хэлж байна. Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн эвсэл болох “Ирак дахь Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн”-ий командлагч Абу Можтаба аль-Ясири үүнийг “Иракийн эсэргүүцлийн бүлэглэлүүд болон нэр төртэй иракчуудын түүхэн ялалт, харин Америкийн хувьд үлэмж том ялагдал юм” гэж мэдэгджээ. “Есдүгээр сарын 30-нд бид Иракийн түүхийн хар бараан цаг үеийг ардаа орхиж. эзлэн түрэмгийлэгчид манай улсад өөрсдийн хүсэл зоригийг тулгах гэсэн оролдлого бүтэлгүйтсэнийг тэмдэглэх болно. Ирак улс өөрийн бүрэн эрхт байдлаа гаднын цэргийн хүчээр бус, харин эсэргүүцлийн хөдөлгөөн болон ард түмнийхээ хүсэл зоригоор хамгаалах боломжтойг нотлон харууллаа” гэж тэр цааш нь хэлсэн байна. АНУ-ын цэрэг гарч буйг иракчуудын ихэнх нь баяр хөөр болон хүлээн авч байгаа ч зарим нь Ирак улс өөрийн аюулгүй байдлыг хангахад бэлэн эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. “Ирак улс яг одоо аюулгүй байдлаа бүрэн хариуцахад бэлэн биш гэж бид үзэж байна. Бүх иракчууд бүрэн эрхт байдлаа эрхэмлэж байгаа нь маргаангүй. Гэвч АНУ-ын тэргүүлсэн эвсэл ийм арга замаар орхин явж байгаа нь бүх иракчуудыг айлгадаг аюулгүй байдлын хоосон орон зайг үлдээж байна” гэж нэгэн үе Америкийн эсрэг хөдөлгөөний төв байсан Фаллужа хотын суннитуудын тэргүүн Абдулрахман аль-Зобайе хэлжээ. Америкийн цэргийн хүч 2003 онд суннит исламын дарангуйлагч Саддам Хуссейний дэглэмийг түлхэн унагаж, Иракийг бүхэлд нь эзэлсэн бөгөөд оронд нь шийт исламын засгийн газрыг байгуулж, олон жил бослого, тэмцэлтэй тулгарсны эцэст 2011 оны сүүлээр гарч явсан юм. Гэвч гурван жил хүрэхгүй хугацааны дараа дахин Иракт ирж, 2014-2017 онуудад суннит исламын зэвсэгт бүлэглэл Исламын Улсыг дарах дайнд оролцож байв. 2021 онд өндөрлөсөн Афганистаны дайнтай харьцуулахад “Иракийн Эрх Чөлөө Ажиллагаа”-ны үеэр хоёр дахин олон америк цэргийн амь үрэгдэж байлаа. Сүүлийн жилүүдэд Иракийн засгийн газар АНУ, Ирантай аль алинтай нь найрсаг харилцаагаа хадгалж, зарим тохиолдолд нутаг дэвсгэрээ тэдний төлөөллүүдийн тулааны талбар болгон ашиглуулах болсон. Тухайлбал 2020 онд Багдадын нисэх буудалд Ираны зэвсэгт хүчний топ командлагч Кассем Солейманий амийг хөнөөх ажиллагааг АНУ зохион байгуулж, хариуд нь Ираны холбоотнууд Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу олон удаа довтолж байлаа. Энэ жил эхэлсэн Ираны дайны туршид АНУ-ын 18 цэрэг алагдсаны 7 нь Иракийн нутаг дэвсгэрт амь үрэгдсэн юм. Ойрх Дорнодын бүс нутгаас Америкийн хүчийг бүрэн гаргахыг үндсэн зорилгоо гэж үздэг Техраны дэглэмийн хувьд АНУ-ын цэрэг Иракаас гарч байгаа нь том ялалтад тооцогдож байна. “Америкчууд гарч явсны дараа Иракт удаан үргэлжилсэн энх амгалан байдал тогтох болно. Иран улс Америкийн цэргүүд Иракаас гарах үйл явцыг талархан хүлээн авч, дэмжиж байна” гэж Ираны парламент дахь үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны дэд дарга Амир Хаяат Мокаддам мэдэгджээ. Гэвч Иракийн аюулаас хамгаалах албаны зарим мэргэжилтэн, хойд бүсийн Курдийн автономит мужийн албаныхан АНУ-ын цэрэг гарсны дараа Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа сэргэж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Арав орчим жилийн өмнө, оргил үедээ энэ зэвсэгт бүлэглэл Иракийн газар нутгийн гуравны нэгийг эзэлж, олон мянган хүний амийг бүрэлгэж байсан юм. АНУ-ын тагнуулын мэдээлэл, ложистикийн дэмжлэг зогсвол Исламын Улс бүлэглэлд дахин амьдрах боломж бий болно гэж үзэж байгаагаа Курдийн командлагч Сирван Барзани илэрхийлжээ. Эх сурвалж: Reuters
