Д.Даваабаяр: БНХАУ-аас шатахуун импортлоход төмөр замын өргөн, нарийн царигаас шалтгаалж шилжүүлэн ачихад удаж байна
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцуулж, мэдээлэл өглөө. Энэ үеэр АМГТГ-ын хэлтсийн дарга Д.Даваабаяр " Манай улс өнөөдөр түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангадаг. Есдүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн. Есдүгээр сарын 29-ны өдрийн байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд төмөр замаар тээвэрлэгдэж байна. Энэ бүтээгдэхүүнээс 49 вагоныг өртөөдөд байрлах агуулах дээр буулгаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй байна. АИ-95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85,600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөц бий. Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 шатахуун түгээх станц руу 1,848 тонн, орон нутгийн 78 шатахуун түгээх станц руу 1,002 тонн АИ-92 автобензиний ачилт хийсэн. Энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57,000 автобензин орж ирсэн гэдэг нь АИ-92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа гэсэн үг. ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин орж ирснийг Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачиж, эхнээсээ Улаанбаатар хотод орж ирсэн. БНХАУ-аас шатахуун импортлоход төмөр замын өргөн, нарийн царигаас шалтгаалж шилжүүлэн ачихад удаж байна. Харин ОХУ-аас орж ирсэн бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөнөөс шууд вагонтойгоо ороод ирдэг. Сүүлийн хэд хоногт ОХУ-аас вагоны олдоцтой холбоотой харьцангуй бага ачигдсан. Гэхдээ бид орж ирсэн вагоныг шуурхай буулгахаар ажиллаж байна. ОХУ-аас захиалсан АИ-92 автобензинээс 15,000 тонн нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа. Дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний дутагдалтай байгаа үед Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлагатай тулгарч байна. Ард иргэдэд хандаж уриалахад хэрэглээндээ таарсан байдлаар автобензин аваарай. Энэ хүнд цаг үеийг хамтдаа нэгэн санаа бодолтой байж даван туулна" гэв.
