"Таван шарын явган хүний гүүрэн гарцын шат, хашлага, саравч зэргийг угсрах бэлтгэлийг хангаж байна"
Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол өнгөрсөн оны төгсгөлд барьж эхэлсэн авто зам дээгүүрх 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтыг бүрэн дуусгажээ. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын шат, пандус, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэлийг хангаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай, босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байна. Налуу зам болон явган хүний зорчих хэсэг нь ахмад настан, хүүхдийн тэрэгтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой байхаар төлөвлөжээ. Явган хүний гүүрэн гарц ашиглалтад орсноор тухайн хэсгээр зорчих иргэд төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан түвшинд зорчих бол Таван шарын нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбох юм байна. Эдгээр гарцуудыг БНХАУ-ын ЭКСИМ банзны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа билээ.
