Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ
Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 2026 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхэлснийг Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв. Анхны аяллын онгоц энэ өдрийн өглөө 07:20 цагт Шинэ Дели хотын Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын T3 терминалд газардсан бөгөөд буцах нислэг нь тус өдрийнхөө 16:37 цагт Шинэ Делигээс Улаанбаатар руу хөөрлөө. Энэхүү шууд нислэг долоо хоног бүрийн Даваа гарагт үйлдэгдэх бөгөөд аяллын хугацаа ердөө таван цаг үргэлжлэх юм. Өмнө нь зорчигчид Хонконг, Бээжин, Сөүл хотуудаар дамжин 13-18 цаг аялдаг байсан бол ийнхүү шууд нислэгтэй болсноор замд өнгөрүүлэх хугацаа эрс багаслаа. Энэхүү нислэгийг Монгол Улсын “Хүннү Эйр” компани гүйцэтгэж байгаа юм. Тогтмол нислэг эхэлснээр Монголоос Энэтхэг рүү чиглэсэн Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах иргэдийн тоо нэмэгдэж, эрүүл мэнд, эмчилгээний аялал хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Энэтхэгийн иргэд Монголын өвлийн аяллын жуулчлалыг зорин ирэхээс гадна жилийн аль ч улиралд Монгол орны байгалийн үзэсгэлэн, түүх соёлын өвтэй танилцах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Ташрамд дурдахад Энэтхэг, Монгол улсууд иргэддээ визийг харилцан үнэ төлбөргүй олгодог болсон ба хоёр улсын иргэд мөн цахим виз авах боломжтой. БНЭУ-ын ЭСЯ-наас "Энэтхэг, Монголын хоорондын олон талт стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх болно. Ачаа тээвэрлэлт илүү хурдан, шуурхай бөгөөд өртөг багатай болохын хэрээр хоёр улсын худалдаа, арилжааг нэмэгдэхэд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй" хэмээн онцлов.
