АНУ-ын Теннеси муж сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг цаазлах гэж байна
Криста Пайк хэмээх эмэгтэй 18 настайдаа атаархлын улмаас ангийнхаа охины амийг хөнөөж, цаазын ял сонссон хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг болж байв. Одоо 50 настай түүнийг Лхагва гарагт цаазлахаар төлөвлөжээ. Энэ нь АНУ-ын Теннеси мужид сүүлийн 200 жилийн хугацаанд эмэгтэй хүнийг цаазалсан анхны тохиолдол болох юм. Пайк болон түүний найз залууг 1995 онд “Knoxville Job Corps” сургуульд хамт сурч байсан 19 настай Коллин Слеммерийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байжээ. Слеммерийг хайр сэтгэлийн харилцаанд нь өрсөлдөгч болж болзошгүй гэж болгоомжилсон Пайк түүнийг найз залуугийн хамт алслагдсан газарт дагуулж очсоны дараа тамлан зовоож алсан гэдэг. Энэхүү хэрэг нь харгис хэрцгий шинж чанар, оролцогчдын нас, мөн хохирогчийн бие дээр сатаны бэлгэдэл сийлсэн зэрэг шалтгааны улмаас тухайн үедээ олны анхаарлыг нэлээд татаж байжээ. Пайк өөрийн гэм бурууг үгүйсгэдэггүй ч өмгөөлөгчид нь хүүхэд насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, үүнээс үүдэлтэй сэтгэцийн эмгэгээ эмчлүүлээгүй байсан, өсвөр бага насандаа үйлдсэн зэрэг үндэслэлээр цаазын ял оноохыг эсэргүүцэж байсан юм. Харин Слеммерийн ээж Пайкын ялыг гүйцэтгэхийг олон арван жил хүлээж байгаа гэнэ. Даваа гарагт Теннеси мужийн захирагч Билл Ли түүнд өршөөл үзүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгджээ. Гэвч Пайкийн өмгөөлөгчид цаазын ялыг түр хойшлуулахаар Дээд Шүүхэд хандсан байна. Тэд Пайкийг 11 болон 17 насандаа бусдад хүчиндүүлж байсныг баталжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээгээр Пайк хоёр туйлт эмгэг (bipolar disorder), бас гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй (PTSD) нь оношлогдсон байна. Пайкийн найз залуу, тухайн үед 17 настай байсан Тадарил Шиппэд шүүх хугацаанаас нь өмнө суллагдах боломжтой бүх насаар хорих ял оноож байжээ. Тэрбээр өнгөрсөн онд хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргаад татгалзсан хариу авсан юм. Хэрвээ Пайкийн цаазын ялыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэвэл энэ нь хамгийн сүүлд 1820 онд Теннеси мужид эмэгтэй хүнийг цаазалснаас хойших анхны тохиолдол болно. Ерөнхийдөө АНУ-д эмэгтэй хүн цаазлах нь ховор байдаг. 1976 оноос хойш тус улсад нийт 18 эмэгтэй цаазлуулсан нь нийт цаазын ялын нэг орчим хувь болжээ. Хамгийн сүүлд 2003 онд үйлдсэн хүн амины хэргийнх нь төлөө 2023 онд Миссури мужид Амбер Маклафлин хэмээх трансжендер эмэгтэйг цаазалсан юм. Тэрбээр АНУ-ын түүхэнд цаазлуулсан анхны трансжендер эмэгтэй болжээ. 2021 онд АНУ-ын засаг захиргаа Лиза Монтгомери хэмээх эмэгтэйг цаазалсан нь сүүлийн бараг 70 жилийн хугацаанд холбооны засгийн газар эмэгтэй хүнийг цаазалсан цорын ганц тохиолдол болсон юм. Эх сурвалж: Associated Press
