Токио хотын захад орж ирсэн баавгайг анх удаа буудан устгажээ
Даваа гарагт Токио хотын баруун захад орж ирээд хавханд орсон Азийн хар баавгайг буудан хөнөөжээ. Баавгайн халдлага нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн онд энэ амьтны эсрэг шаардлагатай тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн журам гарсан юм. Өчигдрийн арга хэмжээ нь Японы нийслэлд уг журмыг хэрэгжүүлсэн анхны тохиолдол болжээ. Токиогийн дагуул хот Хачиожигийн захиргааны мэдээлснээр тус хотын Оцүмачи дүүргийн тариалангийн талбайд баавгай хавханд орсон тухай мэдээ 15:30 цагийн үед ирсэн байна. Хотын дарга баавгайг яаралтай буудан хөнөөх шийдвэр гаргаснаас хойш хоёр цагийн дараа уг ажиллагааг гүйцэтгэжээ. Хотын дарга шийдвэрээ орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарласан байна. Хачиожи хот орчим нь Азийн хар баавгай амьдардаг бүс нутаг юм. Даваа гарагт буудуулсан баавгай нь ойролцоогоор 70 см урт, эмэгчин байжээ. Зэрлэг амьтдыг хамгаалах, зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Японы хотуудын захиргаанууд хүн амын суурьшлын бүсэд орж ирсэн баавгай болон бусад аюултай амьтдыг буудан устгах ажлыг анчдаар гүйцэтгүүлэх боломжтой болсон байна. Өмнө нь олон нийтийн газарт зэрлэг амьтдыг буудахыг хориглодог байсан бөгөөд зөвхөн цагдаагийн байгууллага шууд аюул занал учруулсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгодог байжээ. Эх сурвалж: Kyodo News
