Д.Зандармаа: Орон нутгаас хүнсний ногоо авахад хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл их байдаг
Нийслэл хотын хэмжээнд хүнсний нарийн ногоо дутмагаас импортоор оруулж ирдэг байна. Хэрэв агуулах барьчихвал эх орондоо тариалсан ногоог иргэддээ шинээр нь хүргэх боломжтой гэж үзжээ. Энэ тухай Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын төмс, хүнсний ногооны хангамж хариуцсан мэргэжилтэн Д.Зандармаа "Нийслэлд нарийн ногооны хангамж дутмаг, ихэнхийг нь импортоор нийлүүлдэг. Орон нутгаас хүнсний ногоог авахад хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл их байдаг. Тиймээс нийслэл хотод хүнсний ногооны агуулах барих, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Агуулах барьчихвал орон нутгаас хүнсний ногоог авч хадгалан иргэдэд шинээр нь хүргэх боломжтой" хэмээв. Нийслэлчүүдийн хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэх стратегийн зорилтын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд дөрвөн улирлын хүлэмж, төрөлжсөн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик, инновацын төвийг нэг дор цогцлоохоор төлөвлөжээ.
