SpaceX компанийн аварга хөлөг анх удаагаа дэлхийн тойрог замд хүрсэн ч нислэг хугацаанаасаа өмнө дуусав
SpaceX компани Даваа гарагт Starship аварга хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд хүргэсэн ч аюулгүй байдлын улмаас нислэгийг хугацаанаас нь өмнө дуусгажээ. Уг хөлөг хамгийн орчин үеийн Starlink хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд хүргэж чадсан юм. Хөлөг Техас мужаас хөөрснөөсөө хойш гурван цагийн дараа Номхон далайн дээр дэлхийн агаар мандалд буцан орж ирсэн байна. Улмаар Хавайн арлуудын хойд хэсгийн усан дээр буужээ. SpaceX компани энэ туршилтаараа НАСА-гийн саранд хүрэх Artemis хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа батлан харуулахын тулд Staship хөлгийг дэлхийг бүтэн зургаан удаа тойруулах 10 цагийн урт нислэг үйлдэхээр төлөвлөж байсан юм. Хөлөг далайн мандал дээр буухдаа хажуу талаараа унаж, галд автсан байна. Хөлгийн хөдөлгүүрүүдийн нэг нь хугацаанаасаа өмнө унтарсан тул тойрог замд хүрэх боломжгүй болох шахсан ч бусад системүүд хэвийн ажиллаж, асуудалтай хөдөлгүүр цаашид хэрэггүй болсон тул удирдлагын баг төлөвлөгөөний дагуу нислэгийг үргэлжлүүлэхээр шийджээ. НАСА-гийн захирал Жаред Айзакмэн “нислэгийн үе шат бүрийг аюулгүй, хариуцлагатай, урам зориг өгөхүйц байдлаар удирдсан” SpaceX компанид баяр хүргэсэн юм. Энэ туршилтаараа SpaceX дэлхийн тойрог замд ажиллаж буй Starlink системийн 11,000 хиймэл дагуул дээр хамгийн орчин үеийн хийцтэй 26 хиймэл дагуулыг нэмж байрлуулахаар тээвэрлэсэн байна. Хиймэл дагуулуудыг нэг нэгээр нь тойрог замд байрлуулсны дараа нислэгийг эрт дуусгах шийдвэр гарсан юм. Хөөргөх шатанд хөдөлгүүрт гарсан доголдлын улмаас “аюулгүй байдлыг хангахын тулд” ийм шийдвэр гаргаснаа SpaceX сүүлд тайлбарлажээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Техас мужийн өмнөд хэсгээс Starship хөлгийг 14 дэх удаагаа хөөргөсөн нь энэ юм. Өмнөх туршилтууд дэлхийг хэзээ ч бүрэн тойрч байгаагүй бөгөөд Энэтхэгийн далайг хүртэл нисээд буудаг, ингэхдээ зарим тохиолдолд осолддог байжээ. Энэ удаа хөлгийг газраас 275 км-ийн өндөрт дэлхийг зургаан удаа тойруулаад 10 цагийн дараа Чилийн баруун эргээс холгүй Номхон далайд буулгах төлөвлөгөөтэй байсан юм. Хөлөг хүрэх ёстой өндөртөө хүрсэн ч дэлхийг хоёр удаа тойрсны дараа хугацаанаас нь өмнө буулгах шийдвэр гарсан байна. Starship хөлгийг дараагийн удаа хөөргөхдөө хуурай газар дээр аварга том робот гарын тусламжтай буулгах юм. Хэрвээ энэ туршилт амжилттай болбол дараагийн нислэгийг энэ оны сүүл, эсвэл ирэх оны эхээр төлөвлөжээ. 124 метр өндөр Starship хөлөг анхнаасаа дахин ашиглах зориулалттайгаар бүтээгдсэн юм. Энэ нь сансрын аяллын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах ач холбогдолтой. Илон Маск анх Starship хөлгийг Ангараг гарагт хүрэхэд зориулан бүтээсэн бөгөөд одоохондоо сарны аялалд төвлөрөн ажиллаж байна. Ойрын хэдэн жилийн дотор уг хөлөг SpaceX-ийн одоо ашиглаж буй Falcon 9 пуужинг ашиглалтаас гаргах юм. Одоогоор Starship хөлгийг хөөргөх газрын станц зөвхөн Техаст байгаа ба хоёр дахийг Флорида мужийн Кеннедийн Сансрын Төвд байгуулаад дуусах шатандаа орж байгаа. Гурав дахийг Луйзиана мужийн нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: Associated Press
