"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"
Шатахууны нийлүүлэлт доголдох үеэр зарим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ зөвхөн талоноор эсвэл өөрийн хэрэглэгчийн картаар борлуулах тохиолдол гарч байна. Энэ талаар шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас тодруулахад "Аж ахуйн нэгжүүд талоноор олгодог, өөрсдийн картаар шатахуун зарах зэргээр маркетингийн арга хэрэгсэлтэй байдаг. Гэхдээ улсын хэмжээнд доголдолтой байгаа үед маркетинг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье. Өнөөдөр улсаа хангах хэмжээний татан авч байхад байгаа бүтээгдэхүүнээ бүгд эрэлтэд үндэслэн зарж байна. Цөөн хэдэн газар талоноор олгож байснаа больсон" гэв. Түүнчлэн шатахуун нөөцлөх савны тухайд "Нийтдээ 300,000 м.куб багтаамжийн шатахуун нөөцлөх сав байгуулах ажлыг энэ онд эхлүүлсэн. Энэ жилдээ багтаж 150,000 м.куб савыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт 16,000 м.куб-ын сав ашиглалтад орсон. 2028 он гэхэд гурван сарын нөөцөө хуримтлуулах боломжтой болно" гэлээ.
