Depository of News

"БНСУ-аас харьцангуй хямд үнэ санал болгосон тул евро-5 төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх суурь бий болж байна"

newsdepo.com · world

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутагт шатахууны дараалал дахин уртаслаа. Энэ нь Оросын Холбооны Улс(ОХУ)-аас хийгдэж буй ачилт багассан болон манай улс нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой хэмээн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тайлбарлав. Тус улсад үүсээд буй нөхцөл байдлаас улбаатай шатахуун нийлүүлэлтийн доголдлыг шийдвэрлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ) болон Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-аас газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээлээд байгаа гэж нэмж дурдав. Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын шатахуун түгээх 95 станцад 1,135 тонн автобензин болон орон нутагт автобензин нийлүүлж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагонцистерн буюу 7,686 тонн АИ-92 бензин байгаагаас Толгойт, Дархан, Эрдэнэт, Сайншанд зэрэг өртөөдөд 86 вагонцистерн буюу 5,160 тонн АИ-92 бензин хүргэсэн, аж ахуйн нэгжүүд буулгаж байгаа. БНХАУ-аас 8,000 тонн АИ-92 автобензин авахаар гэрээлж, тээвэрлэлт эхэлсэн. Өчигдөр 10 вагонцситерн шатахуун Улаанбаатар хотод ирснийг түгээж байна. Мөн БНСУ-ын тал 12,000 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн болж, аж ахуйн нэгжүүд хуваарилалтаа хийж байна. Шатахууны дараалал ихээр үүсэж байгаа нь ОХУ-аас ачигдах хэмжээ багассантай холбоотой. Хэрэв улсын нөөц 20 хоногт хүрвэл аж ахуйн нэгжүүд тэгш хүртээмжтэй үйл ажиллагаа эрхлэх боломжтой болж, дараалалгүй болдог. Одоогоор 10 гаруй хоногийн нөөцтэй байгаа бөгөөд ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн түгээлт жигд бус болж, дараалал үүсэж байна. Бид ОХУ-аас АИ-92 шатахуун үргэлжлүүлэн авна. Үүний зэрэгцээ БНСУ, БНХАУ-аас авах хэмжээгээ нэмж байна. Хүйтрэхээс өмнө нөөц нэмэгдүүлэх шаардлага бий. Нөхцөл байдал сайн биш байгааг бүгд ойлгож байгаа болов уу. Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй. Нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаагаас доголдол давтагдаад байна. Иймд дайны нөхцөл байдалтай байгааг сайтар ойлгон хэрэглээгээ танаж, улсын нөөц бүрдүүлэхэд тал талдаа анхаарах хэрэгтэй" гэлээ. Түүнчлэн тэрбээр үнийн талаар "БНСУ болон БНХАУ-аас евро-5 стандартын АИ-92 шатахуун авч байна. БНСУ талаас санал болгосон нь харьцангуй хямд байгаа тул евро-5 төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх суурь бий болж байна. Өнөөдөр ОХУ-аас үнийн санал ирнэ" гэлээ.

Read full article →