Венесуэлчууд сөрөг хүчний удирдагчаа эх оронд нь саадгүй ирүүлж, ерөнхийлөгчийн сонгууль зарлахыг шаардлаа
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадог эх оронд нь ирүүлэх, тус улсад ардчилсан шилжилт хийхэд хүргэхүйц ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардсан иргэдийн жагсаал Ням гарагт нийслэл Каракас болон бусад хотуудад зохион байгуулагджээ. Мачадо сүүлийн есөн сарын турш гадаадад амьдарч байгаа бөгөөд Венесуэлд буцаж ирэх төлөвлөгөө нь хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн юм. Сөрөг хүчнийхэн түүнийг буцаж ирэхэд засгийн газар саад учруулж байна гэж шүүмжилдэг бол эрх баригчид үүнийг няцаадаг. Мачадогийн намынхны мэдээлснээр тэр өнгөрсөн Даваа гарагт эх орондоо ирэхээр гурван удаа оролдсон ч бүтээгүй гэнэ. “Бид энэхүү шилжилтийн үйл явц нь ерөнхийлөгчийн сонгууль явуулахад хүргэж, АНУ-ын гол холбоотон болсон чөлөөт, ардчилсан улс орныг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна” гэж “Vente Venezuela” намын удирдагчдын нэг Энтони Ромеро хэлжээ. Венесуэлийн хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг болох Мачадогийн сонгуульд нэр дэвших эрхийг өмнөх ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргаа цуцалж байсан юм. Гэвч түүний оронд нэр дэвшсэн хүн сонгуулиар нийт саналын бараг гуравны хоёрыг авч ялалт байгуулсан гэж венесуэлчууд үздэг. Гэсэн хэдий ч Марудо өөрийн ялалтыг зарлаж, сонгуулийн албан ёсны үр дүнг эсэргүүцсэн хүмүүсийн тэмцлийг нухчин дарсны улмаас Мачадо болон сөрөг хүчний олон арван удирдагч нууц байдалд шилжсэн юм. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мачадо өнгөрсөн онд улс орондоо ардчиллыг сэргээхийн төлөө хийсэн тэмцлээ үнэлүүлж, Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв. Тэрбээр шагналаа авахын тулд Венесуэлээс нууцаар оргосон юм. Энэ оны нэгдүгээр сард Мадурогийн дэглэмийг АНУ хүчээр унагаснаас хойш Мачадо эх орондоо буцаж чадахгүй байгаа. Венесуэлийн одоогийн засгийн газрыг Мадурогийн холбоотон Дэлси Родригес удирдаж, Трампын засаг захиргаатай ойр ажиллаж, газрын тосны салбараа Америкийн хөрөнгө оруулагчдад нээгээд байна. Мачадо одоо Панам улсад оршин сууж байгаа юм. Тэрбээр саяхан далайгаар эх орондоо буцахыг оролдсон ч хөлөг онгоцны компани аялал эхлэхээс хэдхэн цагийн өмнө техникийн доголдол илэрсэн шалтгаанаар төлөвлөгөөг цуцалжээ. Энэ он гарснаас хойш Мачадо нийт долоон удаа эх орондоо буцах гэж оролдоод амжилт олоогүйг намынхан нь баталж байна. Зарим шүүмжлэгчид түүнийг буцаж ирэхэд саад болоход Трампын засаг захиргаа оролцож байж магадгүй гэж үздэг. Трампын засаг захиргаа Мачадод саад учруулснаа үгүйсгэдэг ч түүнийг аюулгүй байдлын улмаас “одоохондоо эх орондоо буцах хэрэггүй” гэсэн байр суурь илэрхийлж байсан удаатай. Энэ сарын эхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэвлэлийн хурлын үеэр Мачадо “хүссэн үедээ эх орондоо буцах бүрэн эрхтэй” гэж мэдэгдэж байв. Лхагва гарагт тэр Мачадогийн сүүлийн оролдлогын талаар мэдээгүйгээ илэрхийлсэн байна. Рубио бас Венесуэл улс шинэ сонгууль зохион байгуулахаасаа өмнө эдийн засгаа тогтворжуулж, шүүх, сонгуулийн төв хороо зэрэг төрийн байгууллагуудаа шинээр сэргээх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлдэг юм. Эх сурвалж: Associated Press
