"ЖДҮХ сангаас иргэн, ААН-д олгосон хоёр төгрөг тутмын нэг нь ХЭВИЙН БУС төлөлттэй байна"
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХ/-д олгосон хоёр төгрөг тутмын нэг төгрөг нь хэвийн бус төлөлттэй байгаа талаар шинжээч мэдээллээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009 оноос эхлэн нийт 267.2 тэрбум төгрөгийн зээлийг хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. Сүүлийн 18 жилийн хугацаанд энэ салбарт олгосон дэмжлэгийн мөнгийг энгийнээр жишээ авч тайлбарлавал сангаар дамжуулан иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа хоёр төгрөгийг ЖДҮХ сан буцаан төвлөрүүлэх ёстой байдаг аж. Гэвч ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр ЖДҮХ санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа юм байна. ЖДҮХ сангийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлтээр 2019 онд нэг удаа зөрчилгүй дүгнэлт авсан. 2017 онд сөрөг дүгнэлт, 2018 онд дүгнэлт өгөхөөс татгалзаж байсан. Бусад жилүүдэд хязгаарлалттай дүгнэлтийг авч байсан байна. ЖДҮХ сангийн сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн аудитын шалгалтаар зээлийн эргэн төлөлт, авлагын данстай холбоотой нийт ₮484.4 тэрбумын зөрчил илэрчээ. Сангийн 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайланд ₮195.5 тэрбумын авлага бүртгэлтэй байгаа боловч 51.4 хувь буюу талаас илүү нь хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийн ангилалд шилжсэн байгаа аж. Дэмжлэг олгож байгаа тогтолцоог засаж сайжруулахгүй бол эрсдэлийг санхүүжүүлэх дарамт ихсэж төсвийн ачаалал өснө Дэмжлэг олгож байгаа тогтолцоог засаж сайжруулахгүй бол дараах үр дагаврууд үүсэх эрсдэлтэй байна гэж шинжээчдийн зүгээс үзсэн байна. Зөрчилтэй иргэн, ААН-үүд дахин дэмжлэгт хамрагдсанаар хяналтгүй дэмжлэгийн хэмжээ өснө. Аливаа эрсдэлийг санхүүжүүлэх дарамт ихсэж төсвийн ачаалал өснө. Бодит ахиц гарсан эсэх нь тодорхойгүй бол салбарын хөгжилд сөргөөр нөлөөлнө. Авлага, алданги улам өсөж, хариуцлагагүй байдал нэмэгдэнэ. Улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар муудна.
