Өмнөд Африкийн цагдаа нар Йоханнесбург хотын ойролцоогоос 11 дэх эмэгтэйн цогцсыг илрүүлжээ
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын цагдаа нар тус улсын санхүүгийн төв Йоханнесбург хотоос зүүн зүгт орших дагуул хотоос Ням гарагт нэг эмэгтэйн цогцос олжээ. Энэ нь долдугаар сарын дунд үеэс хойш Йоханнесбургийн ойролцоогоос олдсон 11 дэх эмэгтэйн цогцос болж байна. Хамгийн сүүлийн цогцос Экурхулени хотын задгай талбайгаас хагас нүцгэн байдалтай олджээ. Тухайн бүсэд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын компанийн автомашин цогцсыг олж харсны дараа цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэнэ. Үүнээс ердөө нэг өдрийн өмнө буюу Бямба гарагт мөн тус хотын оршуулгын газрын ойролцоогоос хагас нүцгэн эмэгтэйн цогцос олдсон юм. Олон нийтийн дунд дээрх аллагуудыг нэг хүн, эсвэл нэг бүлэг хүн үйлдсэн байж болзошгүй гэх айдас бий болоод байгаа бол цагдаа нар аллагуудын хооронд холбоо байгаа эсэхийг мөрдөн шалгаж байна. Бямба гарагт олдсон цогцос чулуугаар цохиулсан байж болзошгүйг орон нутгийн цагдаагийн газрын дарга Томми Мтомбени хэлсэн ч үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохын тулд задлан шинжилгээ хийхээр болсныг мэдээлжээ. Уг аллагатай холбоотой байж болзошгүй сэжигтнийг хэргийн газраас бараг 400 км зайтай газраас баривчилсан байна. Ингэснээр цуврал аллагатай холбогдуулан саатуулсан хүний нийт тоо дөрөв болжээ. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоза орон нутгийн сонгуулийн ажлаар явж байхдаа 10 дахь хохирогчийн цогцос олдсон тухай мэдээг хүлээж авснаа телевизээр хэлж байв. “Тембиса дүүргээс эмэгтэй хүний 10 дахь цогцос олдсон тухай мэдээг сонсоод гүнээ харамсаж байна. Манай үзэсгэлэнт оронд эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөөр байгаа нь эрчүүд бидний хувьд ичгүүртэй хэрэг юм” гэж тэр хэлжээ. Өмнөд Африк бол фэмисид буюу эмэгтэйчүүдийн эсрэг хүн амины хэргийн гаралтаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд өдөр бүр дунджаар 15 эмэгтэй бусдын гарт алагддаг. Цагдаа нар долоо, наймдугаар саруудад Экурхулени хотод хоорондоо 6 км зайтай газруудаас гурван эмэгтэйн цогцос олж байжээ. Энэ сарын эхээр мөн хотоос 10 хоногийн дотор зургаан цогцос нэмж олдсон юм. Хохирогчид нь бүгд 20-30 гаруй насныхан байсан бөгөөд ихэнх нь бүтэн болон хагас нүцгэн байдалтай олджээ. Долдугаар сарын дундуур олдсон эхний цогцос бүрэн нүцгэн, хөл, гар нь кабелиар хүлээстэй байсан юм. Уг хэрэгт хохирогчийн найз залууг сэжиглэж, баривчилсан ч холбоотойг нь тогтоож чадаагүй байна. Эх сурвалж: AFP
