Швейцарын иргэд төвийг сахисан статусаа хэт хатуу сахихгүй байх дээр санал нэгдлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарын иргэдийн үнэмлэхүй олонх нь тус улсын төвийг сахих уламжлалт гадаад бодлогыг хэт хатуу байдлаар тайлбарлахын эсрэг санал өгчээ. Санал хураалтын албан ёсны дүнгээр иргэдийн 70 гаруй хувь нь тус улс НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр аливаа хориг арга хэмжээнд нэгдэхийг хориглох санаачилгыг эсэргүүцсэн байна. Хэрвээ энэ санаачилга дэмжигдсэн бол Швейцар улс НАТО-гийн цэргийн эвсэлтэй илүү уян хатан хамтран ажиллах боломжгүй болох байв. Орос улс Украины нутаг дэвсгэрт халдан довтолсны дараа Швейцар улсын хэдэн зуун жил дагаж ирсэн эвсэлд үл нэгдэх, төвийг сахих бодлогын талаар маргаан сэргэсэн юм. Баруун жигүүрийн “Швейцарын Ардын Нам” төвийг сахих уламжлалт гадаад бодлогыг илүү чанга хатуу дагах тухай дээрх санаачилгыг гаргасан бөгөөд Оросын эрх баригчид үүнийг ил тодоор дэмжиж байлаа. Үндсэндээ энэ нь Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд Швейцарыг нэгтгэхгүй байх зорилготой байжээ. Харин холбооны засгийн газар болон бусад томоохон намууд уг санаачилгын эсрэг байсан юм. Сонгогчид төвийг сахих бодлогоосоо татгалзаагүй ч Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхийг дэмжиж байгаагаа энэ санал хураалтаар харуулсныг “Gfs.bern” судалгааны хүрээлэнгийн захирал Лукас Голдер олон нийтийн SRF телевизийн сувгаар тайлбарлажээ. “Швейцарын төвийг сахих бодлого ямар зорилготой талаар хүмүүс тодорхой ойлголттой байна” гэж тэр хэлсэн юм. Швейцарын гадаад хэргийн сайд Игнасио Кассис саяхан телевизийн мэтгэлцээнд орохдоо “Төвийг сахих бодлогыг бид үргэлж тодорхой хэмжээний уян хатан байдлаар хэрэгжүүлж ирсэн билээ” гэж хэлжээ. Тус улс Украинд зэвсэг худалдахыг хориглосон шийдвэрээ цуцлах төлөвлөгөөгүй байгаа ч “төвийг сахих гэдэг нь үл тоомсорлохын нэр биш” гэж тэр тайлбарласан юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бидний энх тайван амьдрах боломжийг олгодог олон улсын дүрэм журмыг зөрчиж байхад Швейцар улс зүгээр хараад суухгүй” гэж мэдэгджээ. Швейцар нь 1815 онд Венийн конгрессоор “мөнхийн төвийг сахигч” улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж байсан түүхтэй. 1907 онд Гаагийн конвенцоор энэхүү төвийг сахих статусыг хуульчлан тодорхойлохдоо дайтаж буй улс орнуудад зэр зэвсэг нийлүүлэхгүй байхаар тогтоосон байдаг. Тус улс өмнө нь Украинд танкийн сум илгээх Германы засгийн газрын хүсэлтэд татгалзаж байжээ. Швейцар нь дэлхийн хоёрдугаар дайныг төвийг сахисан статустай туулж өнгөрүүлсэн ч нацистуудын дээрэмдсэн алтыг банкандаа хадгалж, жүүдийн дүрвэгчдийг хүлээж авахаас татгалзаж байлаа. Тус улс 1990-ээд оны үед дээрх бодлого, үйл ажиллагааныхаа төлөө уучлал гуйж байв. Швейцар улс нь шууд ардчиллын тогтолцоотой бөгөөд улс төрийн томоохон шийдвэрийг бүх нийтийн санал хураалтаар шийдвэрлэдэг юм. Эх сурвалж: BBC
