Depository of News

Монголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ

newsdepo.com · sport

Шатрын 46 дэх удаагийн олимпиад есдүгээр сарын 15-наас 27-ныг дуустал Узбекистаны Самарканд хотноо боллоо. Энэ удаагийн тэмцээнд Ц.Батсайхан ахлагчтай Монголын эмэгтэй багаас I ширээнд эмэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнзул, II ширээнд эмэгтэй их мастер Т.Мөнхзул, III ширээнд эмэгтэй спортын мастер Б.Хишигбаатар, IV ширээнд олон улсын мастер Б.Мөнгөнтуул, V ширээнд эмэгтэй олон улсын мастер Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй оролцоод өндөр амжилт үзүүлэв. Эхний есөн өргийн дараа дөрөвдүгээрт жагсаж байсан ч 10 дахь өрөгт Польшийн багт 1:3-аар ялагдсан бол сүүлийн өрөгт Грекийн багийг 2:1-ээр буулган авснаар багаараа VII байр эзэллээ. Эмэгтэйчүүдийг БНХАУ-ын баг 20 оноогоор тэргүүлж алтан медаль хүртсэн бол Казахстан 18 оноогоор мөнгө, Энэтхэг 17 оноогоор хүрэл медаль хүртэв. Харин АНУ, Польш, Армени, Монгол ижилхэн 17 оноотой ч нэмэлт үзүүлэлтээр IV-VII байранд жагссан юм. Эхний 10 байранд Гүрж, Вьетнам, Словенийн баг бичигдлээ. Эрчүүдийг Узбекистаны баг 20 оноогоор манлайлав. Тэдний ард Энэтхэг, Герман 18 оноогоор медальт байранд шалгарсан бол АНУ, Азербайжан, Армен, Унгар ижил 17 оноо, БНХАУ, Франц, Испанийн баг 16 оноогоор эхний 10-т орлоо. Харин их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт, Ү.Агьбилэг нарын бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй баг 15 оноогоор 26 дугаарт бичигдлээ. Энэ удаагийн олимпиадад нээлттэй ангилалд 204 орны 206 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 187 орны 189 баг ур чадвараа сорьсон юм. Дараагийн олимпиад Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотноо болох юм.

Read full article →