Depository of News

Украины хамгийн том үүрэн холбооны операторын төв байр Оросын агаарын цохилтод өртжээ

newsdepo.com · world

Ням гарагт Украины хамгийн том үүрэн холбооны оператор Kyivstar компанийн төв байр Оросын агаарын цохилтод өртжээ. Киев хот дахь төв байр нь цохилтод өртсөн ч хүний амь нас эрстээгүйг тус компаниас мэдээлсэн байна. Өчигдөр бас ОХУ-ын батлан хамгаалах яам Украины хоёр дахь том оператор Vodafone Ukraine компанийн дата төвд довтолсноо зарлажээ. Ням гарагийн өглөө Киев хотод оршдог дата төв хоёр удаа дараалан Оросын агаарын цохилтод өртсөний улмаас хоёр хүүхэд, нэг насанд хүрэгч шархадсан тухай Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын тал Украины харилцаа холбооны дэд бүтцүүдэд агаарын цохилтоо чиглүүлсний улмаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн дата төвүүд гэмтэж, Киев болон түүний ойр орчмын бүс нутгийн 100 мянга орчим айл өрхийн үйлчилгээ тасалдсаныг Украины цахим шилжилтийн яам мэдээлжээ. “Орос улс мэдээллийн урсгалыг тасалдуулах зорилгоор Украины томоохон дата төвүүдийг онилж байна. Пуужин болон дроны аюулын талаарх шуурхай сэрэмжлүүлэг нь амин чухал бөгөөд олон хүний амийг авардаг юм” гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсандаа бичиж байв. Эндээс харвал Оросын тал иргэдэд агаарын цохилтын талаар урьдчилан мэдээлдэг системийн ажиллагааг зогсоох зорилготой байгаа бололтой. Эх сурвалж: Reuters

Read full article →