Depository of News

95 жилийн өмнөх болсон нууцлаг хэрэг сөхөгдөж, Хитлер зээ охиноо алсан байж болзошгүйг харуулсан шинэ баримт олджээ

newsdepo.com · world

Архиваас олдсон шинэ баримт бичиг Германы нацистуудын удирдагч Адольф Хитлер эцэг нэгтэй эгчийнхээ охиныг (түүний хувьд зээ охин) алсан байж болзошгүй гэх таамгийг улам үнэмшилтэй болгожээ. Түүний зээ 1931 онд Мюнхен дэх Хитлерийн байранд нас барсан бөгөөд тухайн үед амиа хорлолт гэсэн дүгнэлт гарч байсан юм. 23 настай Ангела Раубал нь цээжиндээ бууны сумны шархтай олдсон бөгөөд ингэхдээ Хитлерийн гар бууг ашигласан гэж үзэж байжээ. Раубалын цогцсыг есдүгээр сарын 19-ний өдөр олсон гэх мэдээлэл сүүлийн 95 жилийн турш хүлээн зөвшөөрөгдөж байв. Энэ бол Мюнхений цагдаагийн газрын тэмдэглэлд бичигдсэн огноо юм. Тухайн өдөр Хитлерийн гэрийн үйлчлэгч Георг Винтер дотроосоо түгжигдсэн Раубалын өрөөний хаалгыг хүчээр онгойлгоход түүний цогцос шалан дээр хэвтэж байсан гэдэг. Хэдийгээр эрх мэдэлд хараахан хүрээгүй ч нэр хүнд нь өсөж байсан Хитлер өмнөх өдөр нь Мюнхенээс Нюрнберг хот руу явсныг албан ёсны бичиг баримтууд харуулдаг. Эндээс тэр зээ охиныхоо үхэлд хамаагүй мэт харагддаг юм. Гэвч Германы түүхч Харольд Санднер саяхан Мюнхен хотын нас барсан хүмүүсийн албан ёсны бүртгэлээс Раубалын цогцсыг 1931 оны есдүгээр сарын 18-ны өглөөний 10:15 цагт олсон тухай баримт олжээ. Хэрвээ энэ үнэн бол Раубалын нас барсан цаг хугацаа өмнөх таамгаас 24 орчим цагийн өмнө байсан болж таарч байна. Өөрөөр хэлбэл Хитлерийн тухайн өдрийн үдээс хойш Нюрнберг хот руу явсан хугацаатай давхцаж байгаа юм. Нацистуудад талтай цагдаагийн албан тушаалтнууд Хитлерийн үйлдсэн хүн амины хэргийг нуун дарагдуулахын тулд цаг хугацааг ийм зөрүүтэй тэмдэглэсэн байж болзошгүй гэж Санднер үзэж байгаа гэнэ. Бас үндсэрхэг үзэлтнүүдийн дэмжлэгийг авахыг хичээж байсан Хитлер аливаа дуулианд нэр холбогдохоос болгоомжилж, ийм арга хэмжээ авсан гэж үзэж байна. Түүний судалгааны үр дүн саяхан Германы “Der Spiegel” сэтгүүлд нийтлэгджээ. Раубал бол Хитлерийн эцэг нэгтэй эгч Ангела Хаммитшийн охин юм. Тэрбээр ээжийгээ Хитлерийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаанд олон жилийн турш нагац ахынхаа дэргэд амьдарч байгаад 1927 онд Хитлерийн Мюнхен дэх орон сууцанд нүүн суурьшжээ. Олон түүхч Хитлерийг Раубалд хүчтэй дурласан, түүнийг хэт хяналтдаа байлгах, өмчлөх хандлагатай байсан гэж үздэг. Зарим нь тэднийг бүр бэлгийн харилцаатай байсан гэдэг. “Хитлер Раубалд хэт их, эрүүл бус байдлаар сэтгэл алдарч, түүнд хайртай байсан төдийгүй энэ нь цус ойртолтын шинж чанартай харилцаа байсан гэх таамаг бий. Мөн Раубал түүнээс явахыг хүссэн, эсвэл өөр хүнийг хайрлах болсон нь Хитлер түүнийг хардалтын улмаас алахад хүргэсэн байж болзошгүй гэх мэт олон хувилбар таамаг яригддаг” гэж Абердиний Их сургуулийн түүхийн багш, Нацист Германы асуудлаар мэргэшсэн судлаач Томас Вебер ярьжээ. Мөн Раубал нас барахаасаа өмнөхөн хөгжмийн чиглэлээр суралцахаар Мюнхенээс Вена руу явах хүсэлтэй байсан гэх баримт байдаг байна. Шинээр илэрсэн баримт нь Раубал яг хэрхэн нас барсан тухай нууцыг бүрэн тайлж чадахгүй ч Хитлерийн гэрт юу болсон талаар бараг 100 жилийн турш үргэлжилсэн асуултыг дахин сөхөж байгаа юм. Эх сурвалж: CNN

Read full article →