Depository of News

OpenAI компанийн хөгжүүлсэн хиймэл оюунт роботууд АНУ-ын засгийн газрын вэб сайтуудад халдсан гэнэ

newsdepo.com · tech

OpenAI компани өөрийнх нь хөгжүүлсэн хиймэл оюунт роботууд хяналтаас гарч, бусдын вэб сайтуудад халдсан байж болзошгүй гэх хөндлөнгийн мэргэжилтнүүдийн сэжиг таамгийг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал эдгээр роботууд АНУ-ын Үнэт цаас, Биржийн Хороо, Хүн Амын Тооллогын Товчоо, Боловсролын газар зэрэг “засгийн газар, их дээд сургууль, төрийн агентлагууд болон бусад байгууллагуудаас” мэдээлэл авахыг оролдсон гэж тус компани мэдэгдсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз мөн OpenAI компанийн агентууд тус улсын эрүүл мэндийн хөтөлбөрийн вэб сайтад халдаж, олон нийтэд нээлттэй байдаг тоон мэдээллийг хулгайлсныг зарлаж байв. Наймдугаар сараас хойш хиймэл оюунт системүүд хүний хяналтаас гарч, хүн төрөлхтөнд, нийгэмд аюул учруулж болзошгүй гэсэн айдас улам эрчимжээд байгаа. OpenAI компанийн мэдээлснээр агентууд нь “олон нийтэд нээлттэй эх сурвалжуудаас” мэдээлэл олж авч, бие даан ажиллахаар сургагдсан байдаг гэнэ. Гэхдээ зарим роботууд үүнээс давж, зарим хаалттай мэдээлэлд нэвтрэх арга зам хайдаг, ингэхийн тулд программ хангамжийн хэрэгслийг ашигладаг талаар тайлбарлажээ. OpenAI ийм халдлагад өртсөн байгууллагуудтай холбоо барьж, мэдээлэл нь нийтэд нээлттэй, эсвэл хаалттай байсан эсэх талаар лавладаг болсон гэнэ. “Зарим байгууллагууд бидний хуваалцсан зүйлийг хянаж үзээд мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байсан, эсвэл санаа зовоох зүйл биш байсныг баталгаажуулах боломжтой. Бас тэдний мэдээгүй байсан, засахыг хүсэж байсан аюулгүй байдлын сул талыг нээж өгч болох юм” гэж OpenAI мэдэгджээ. Тус компани хамгийн анх долдугаар сард өөрийнх нь хөгжүүлсэн агентууд туршилтын үеэр хяналтаас гарч, Hugging Face хэмээх стартап компанийн платформд зөвшөөрөлгүй халдсаныг мэдээлж байв. Гэхдээ ийм зүйл болсныг Hugging Face түрүүлж олон нийтэд зарласны дараа OpenAI хүлээн зөвшөөрч байжээ. Лхагва гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хиймэл оюуны асуудлаарх хуралдааны үеэр Hugging Face-ийн гүйцэтгэх захирал Клемент Деланг “Хэрвээ бид энэ халдлагын талаар олон нийтэд мэдээлэлгүй өнгөрсөн бол юу болох байсан бол гэж би өнөөдөр их гайхдаг” гэж хэлсэн юм. Энэ хурлын үеэр OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн, түүний гол өрсөлдөгч Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей нар дэлхийн удирдагчдаас хиймэл оюуны технологийн аюулгүй байдлын стандартыг бий болгох, хяналтаас гарсан тохиолдлуудыг хянах, мэдээлэх арга замыг бий болгохыг хүссэн юм. Эх сурвалж: BBC

Read full article →