Depository of News

Patriot пуужин үйлдвэрлэх эцсийн зөвшөөрлийг Украин улсад Трамп өгөхөөр болсныг Зеленский мэдээлжээ

newsdepo.com · world

Баасан гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэлдээ Оросын агаарын цохилтыг няцаахад чухал шаардлагатай байгаа Patriot пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эцэслэн шийдвэрлэснийг хэлжээ. “Тодорхой тохиролцоонд хүрсэн. Бидний сүүлийн уулзалтын үеэр ерөнхийлөгч Трамп ‘Тийм ээ, би эцсийн шийдвэрээ гаргасан. Украин улс Patriot пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах болно’ гэж хэлсэн” гэж Зеленский сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Тэд энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзсан байна. Трамп өнгөрсөн долдугаар сард Турк улсад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Patriot пуужин үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин улсад өгөх саналыг анх дэвшүүлж байсан юм. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа энэ саналаасаа ухарч болзошгүй болсон талаар ярьж байв. Patriot бол баллистик пуужинг амдан устгах чадвартай цөөн тооны зэвсгүүдийн нэг юм. Гэвч дэлхий даяар дайн сөргөлдөөний улмаас зэвсгийн нийлүүлэлтийн хомсдол үүсэж, улс орнууд батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхээр яаравчилсан нь Украины нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлж байгаа. Орос улс энэ нөхцөл байдлыг ашиглан баллистик пуужингийн цохилтоо эрчимжүүлж, сүүлийн нэг сарын хугацаанд Украин, тэр дундаа Киев хотыг агаараас тасралтгүй довтолж байна. Хамгийн сүүлд л гэхэд Баасан гарагт Киев хотод өдрийн цагаар болсон халдлагын улмаас долоон энгийн иргэн алагдсаны дотор өсвөр насны нэг хүүхэд байжээ. Бас энэ үеэр 59 хүн шархадсан байна. Баасан гарагт Европын Холбооны гишүүн орнууд Украины зэр зэвсгийн тусламжид зориулсан 6.6 тэрбум еврог ($7.5 тэрбум) гаргахаар санал нэгдсэнийг тус холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас мэдэгджээ. Оростой дотно харилцаатай Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны тавьсан хоригийн улмаас олон сарын турш гацаад байсан Украины тусламжийн хөрөнгө ийнхүү хөдөлж эхэлж байна. Дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Орбаны 16 жилийн засаглал өндөрлөж, Унгарын засгийн эрхийг Европын эв нэгдлийг дэмжигч хүчин авсан юм. Эх сурвалж: CNN

Read full article →